Засгийн газраас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй. Төмөр замын бодлогод Монгол Улсад шинээр барих төмөр замын чиглэлийг заавал тусгах учиртай. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих зах зээлийн бодит шаардлага тулгарсан учраас төрийн бодлогод нэмж тусгуулахаар салбарын яам ажиллаж байгаа юм.
Уг төмөр замын чиглэлийг төмөр замын тээврийн бодлогод тусгуулахаар өнгөрсөн оны эхээр УИХ-аар хэлэлцүүлсэн удаатай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд “Төмөр замын бодлого цэгцгүй байна” гэж шүүмжилсэн юм. Ингээд тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат төслөө эргүүлэн татсан.
Уг төслийг эрт, орой хэзээ нэгэн цагт төрийн бодлогод багтаах нь дамжиггүй болов уу. Учир нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ” гээд тусгачихсан. УИХ-ын энэ хаврын биш юм гэхэд ирэх намрын чуулганаар төмөр замын бодлогодоо Зүүнбаян-Ханги гэсэн шинэ чиглэл нэмэх нь бараг тодорхой. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шатанд уг замыг тавихаар төлөвлөжээ.
Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоноос Хатанбулаг сумын БНХАУ-тай хиллэдэг Ханги боомтыг чиглэх төмөр замын төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг “Монголын төмөр зам” компаниас 2016 онд Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байдаг. Улмаар “Монголын төмөр зам”-ынхан 2016 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын “Cи Ар И Си” компанитай уг төмөр замыг барих харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын талаас яг жилийн дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манайд ирүүлжээ. “Монголын төмөр зам” компанийнхан өөрсдийн саналыг тусгаад хоёр сарын өмнө хариу илгээсэн байна. Манай талынхны тооцоолол хятадуудынхтай дүйж байгаа гэнэ лээ. Тэгэхээр төслийн ТЭЗҮ тун удахгүй бэлэн болчихно гэсэн үг. ТЭЗҮ бол бүтээн байгуулалт хийх зураг төсөл, судалгаа тооцоог багтаасан баримт бичиг. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэх хар зураг бэлэн болоход ойртжээ.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод энэ чиглэлийг нэмээд тусгачихвал УИХ “Төмөр зам тавь” гэсэн зөвшөөрөл өгчихөж байгаа хэрэг. Мөн УИХ шинээр тавих төмөр замын цариг өргөн, эсвэл нарийн байх, эсэхийг шийдэх эрхтэй. Ямар ч шийдвэр гарч магадгүй учраас төслийн судалгааг өргөн, нарийн аль аль царигаар нь хийж байгаа аж. Төрийн бодлогод тусгаж, царигийн хэмжээг шийдсэний дараа санхүүжилт босгох гэсэн том ажил бий. Бодлогын шийдвэр гараагүй байгаа тул төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар “Монголын төмөр зам” компанийнхан тодорхой мэдээлэл өгөхгүй гэнэ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг түлхүүр гардуулах гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, гүйцэтгэх компанийг сонгон, 2017 оны эхний хагас жилд багтаан бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүч, Зам, тээврийн хөгжил, Сангийн сайдад Засгийн газраас 2016 онд үүрэг болгож байлаа. Гэхдээ шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэх, эсэх нь эргэлзээтэй.
Суурь тооцооллоор Зүүнбаянгаас Ханги боомт хүртэл 281 км төмөр зам тавихад нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм хэмжээний хөрөнгийг таван хувийн хүүтэй, 14 жилийн хугацаатай зээлээр санхүүжүүлж, төмөр зам тавихад банкинд 1.43 тэрбум ам.доллар эргүүлэн төлөх гэнэ.
Манай улс жилд 4-6 сая тонн төмрийн хүдэр олборлодог. Үүнийхээ нэг сая тонныг л боловсруулах хүчин чадалтай. Тиймээс дийлэнхийг нь БНХАУ-ын Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм. Тэнд жилд 100 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд ажилладаг гэсэн баримт бий. Тус хотын үйлдвэрүүд манайхаас жилд 10-15 сая тонн төмрийн хүдэр худалдаж авах боломжтойгоо илэрхийлээд байгаа.
Замын-Үүд-Эрээн боомтын нэвтрүүлэх хүчин чадал чинээндээ тулсан. Үүнээс гадна тус боомтоор дамжуулан тээвэрлэх өртөг Австрали зэрэг далайгаар Бугатыг зорьдог төмрийн хүдэртэй өрсөлдөх боломжгүй. Тиймээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг тавьж, Бугат руу төмрийн хүдэр тээвэрлэх зах зээлийн бодит шаардлага үүсээд байгаа аж.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас төмрийн хүдэр тээвэрлэж Бугат хүргэх замын урт 323 км-ээр богиносож, 1404 болох юм байна. Ингэснээр тээврийн өртөг тонн ачаа тутамд 4-8 ам.доллароор хямдарч, Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдрийн нийлүүлэгчидтэй өрсөлдөх боломж бүрдэх гэнэ. Тодруулбал, Хангийн боомтоор төмрийн хүдэр тээвэрлэснээр өртөг нь Австралийн нийлүүлэгчтэй адил буюу 42 ам.доллар болох аж.
Шинэ төмөр замаар төмрийн хүдрээс гадна Дорноговь аймагт байрлах ашигт малтмалын ордуудаас жилд 2-4 сая тонн коксжих нүүрс, 300-500 мянган тонн зэсийн баяжмал, өдгөө Ханги боомтоор БНХАУ руу экспортолж буй 1.5 сая тонн ачааг тээвэрлэх боломжтой. Түүнчлэн Бугат руу ОХУ-аас транзитаар тээвэрлэдэг 1-6 сая тонн нефть, нэг сая тонн модыг зөөх боломжтой юм байна.
Ийм төсөөллөөр тооцоход Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам 2025 он гэхэд жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх баримжаа гарчээ. Гэхдээ уг төмөр замыг жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай барихаар ТЭЗҮ-д тусгаж буй. Мэдээжийн хэрэг тээх ачааны дийлэнх нь төмрийн хүдэр байх нь ойлгомжтой.
Төсөл хэрэгжүүлснээр 850 орчим ажлын байр шинээр бий болж, Зүүнбаян тосгоны хүн ам 2-3 дахин өсөж, 7-10 мянган хүн амтай томоохон суурин болох төсөөлөл бий. Мөн төмрийн хүдрийн уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлснээр олон ажлын байр шинээр бий болж, түүнийг дагасан ханган нийлүүлэх, туслан гүйцэтгэх бизнес хөгжих юм. Түүнчлэн төмрийн хүдэр тээвэрлэх өртөг буурснаар Монголын эдийн засагт үлдэх өгөөж тонн тутамд 5-6 ам.доллароор нэмэгдэнэ.
Уг төсөл 30 жилийн хугацаанд 8.75 тэрбум ам.долларын орлого олж, 2.12 тэрбумын зардал гаргана гэж тооцжээ. Ингэхээр 5.09 тэрбум ам.долларын татварын өмнөх, 4.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 30 жилийн хугацаанд улсын төсөвт 526.4 сая ам.долларын татвар төлөх нь.
Төсөл анхны хөрөнгө оруулалтаа үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 12 жилд нөхнө гэж “Монголын төмөр зам”-ынхан төлөөлсөн байв. Зүүнбаянгаас Ханги боомт рүү төмөр зам тавих нь тус компанийнхны боловсруулж буй бусад чиглэлийн төслөөс хамгийн өндөр ашигтай нь аж.