“Эрдэнэс Тавантолгой” гэх компани энэ ижил ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргасан. Компанийн удирдлага ирэх жилээс ногдол ашиг тараана гэж горьдож хүлээсэн олны амыг хаалаа. Юм бүхэнд гар дүрэх дуртай Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг нарыг дуудаж, яагаад ногдол ашиг тараагаагүйг нь лавлав. Тэрбээр “Орон нутгийн “Тавантолгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байхад 461 тэрбумын ашигтай ажилласан “Эрдэнэс Тавантолгой” яагаад ногдол ашиг хуваарилахгүй байна вэ” гэсэн асуулт тавьсан юм.
“Эрдэнэс Тавантолгой”-нхон нэг хувьцаа эзэмшигчид 3000 орчим төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарсан учраас тараагүй гэсэн тайлбар хийж буй. Энэ тайлбарын ард ямар тооцоолол байна вэ. Энгийнээр тайлбарлахад өмнөх жилүүдэд алдагдалтай ажилласан бол түүнийг нь ашигтай ажилласан хэмжээнээс нь хасаж, үлдсэн мөнгөнөөс ногдол ашиг тараах журам байдаг аж.
Өөрөөр хэлбэл, хуримтлагдсан ашгаас ногдол тараана гэсэн үг. Тус компанийнхан ногдол ашиг хуваарилах бодолт хийхдээ уг журмыг баримталжээ. Цэвэр ашгаасаа өмнөх жилүүдийн алдагдлаа хасахад, 36 тэрбум төгрөг үлдсэн байна. Тус компани 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж зарласнаас гурвыг нь “халаасалж” үлдээд, 12-ыг нь “идэвхжүүлсэн”. Үүний 1.7 тэрбум орчмыг иргэд эзэмшиж байгаа. Цөөхөн ширхгийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Үлдсэн нь “Эрдэнэс Монгол” компанийн өмч. Одоогоор нийт хувьцааны 85 орчим хувь нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд очсон гэсэн үг.
Ингээд хуримтлагдсан ашгаа 12 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгжид нь гурван төгрөг ногдож байгаа юм. Тэгэхээр 1072 ширхэг хувьцаатай хүнд 3000 орчим төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах тооцоо гарсан нь зүйн хэрэг. Ногдол ашгаа авахын тулд иргэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Брокер дилерүүд данс нээхдээ 5000 төгрөгийн хураамж авдаг. Тэгэхээр иргэд ногдол ашиг авахын тулд 2000 төгрөгийн илүү зардал гаргах нөхцөл үүссэн гэсэн үг юм.
Ногдол ашиг тараахад хуулийн заалт баримтлах уу, журам баримтлах уу гэдэг асуултад хариулт хайх хэрэгтэй. Уг нь Компанийн тухай хуульд цэвэр ашгаас ногдол ашиг тараана гэсэн заалт бий. Зарим судлаач “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага их хэмжээний мөнгө дансандаа үлдээхийн тулд журам баримталлаа. Хуулиас дээгүүр журам гэж байхгүй. Тиймээс хуулиа баримтлаад 3000 төгрөгөөс илүү ногдол ашиг хуваарилах боломжтой байсан” гэж ярьж байна.
Цэвэр ашгаа бүгдийг нь тараавал нэгж хувьцаанд 38 төгрөг ногдох байв. Ингэхээр 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 40 орчим мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэсэн тооцоо гарлаа. Гэхдээ компани хэзээ ч цэвэр ашгаа бүгдийг нь ногдол ашиг болгон тараадаггүй. Хөрөнгө оруулах, эсвэл шаардлагатай санхүүжилтийнхээ эх үүсвэрийг авч үлддэг. Гэсэн ч хуулийн заалтыг баримтлаад ногдол ашиг тараахад 300 тэрбум төгрөг зарцуулах боломж байсан гэж үзэх үндэслэлтэй.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн бүтцээр ногдол ашгийн дийлэнх нь яах аргагүй төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид хуваарилагдаж таарна. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н үр ашгаас иргэдэд очих өгөөжийг нэмэхийн тулд “Эрдэнэс Монгол” компанийн эзэмших хувийг багасгах учиртай. Тэгэж байж газрын хэвлийн баялгаас иргэдийн хүртэх өгөөж нэмэгдэнэ. Баялгаас иргэдэд хүртээх өгөөжийг нэмэх тухай ихээр ярих болсон Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нь 100 хувь иргэдэд эзэмшүүлэх хууль санаачилахаар болсноо зарласан. Хэрэв ийм хуулийг УИХ дэмжиж баталбал, нэг иргэн эл компанийн 40 орчим мянган ширхэг хувьцааг эзэмшигч болох юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж, шахалт үзүүлж буй эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн санаачилга бол улстөржсөн популизм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг улсаараа сонгодог болох гээ юү. Хэн нэгэн нь хувьцааны хяналтын багцыг эзэмшиж, компанийн менежментийг хийдэг нь бараг байгалийн хууль шиг болсон зүйл” гэж ярьсан юм.
Тэнцүү дүнтэй гурван сая хувьцаа эзэмшигчтэй компани болгочихвол “Эрдэнэс Тавантолгой” үнэхээр засаглалын мухардалд орох нь гарцаагүй. Л.Наранбаатар “Б.Энэбиш гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон нийтэд арилжина гээд явж байсан. Түүнээс хойш найман жил өнгөрлөө. Энэ хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлж чадаагүй л байна. Бид энэ онд амжиж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Дараа жилээс нүүрсний үнэ унах учраас энэ хувьцааны үнэ цэнэ дагаад унах аюултай. Тиймээс хөрөнгийн биржид бүртгүүлэх боломжгүй болно” гэж үргэлжлүүлэн ярив.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх нь мэдээж чухал. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амилуулах” үлгэрийг өчнөөн жил сонслоо. Энэ компанийн үр ашгаас иргэдийн хүртэх өгөөжийг нь ч нэмэх үүнээс дутахааргүй чухал асуудал мөн. Иргэд компанийн нийт хувьцааны 14 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд алга дээш нь харуулах бодитой өгөөж хүртэхгүй нь 3000 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилагдаж байгаагаас харагдана. Иргэдийн эзэмших хувьцааны тоог нэмэх нь гар дээр нь тавих өгөөжийг нэмэх нэг арга яах аргагүй мөн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлнэ гэдэг туйлширсан популимз гэдэгтэй санал нэг байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 49 хувийг иргэдэд эзэмшүүлье гэж бодъё. Гурван сая иргэндээ нийт 4.1 тэрбум ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлнэ гэсэн үг. Нэг хүнд 1350 орчим ширхэг хувьцаа нэмж олгох тооцоо гарч байна. Тэгэхээр одоо 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хүн 2500 ширхэг хувьцаатай болно гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараая гэж үзье. Тэгвэл нэг хувьцаанд 25 төгрөг ногдоно.
Тэгэхээр 2500 ширхэг хувьцаатай иргэн жилд 62 мянган төгрөгийн өгөөж хүртэх боломжтой болно. Энэ бол баримжаа өгөх гэсэн тооцоолол юм. Магадгүй Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 34 хувийг эзэмшээд, 66-г иргэдэд нэмж олгож ч болно. Тэгвэл иргэдийн хүртэх өгөөж нэмэгдэх нь гарцаагүй. Магадгүй өнөөгийн улс төрийн ороо бусгаа нөхцөлд хувьцааны тоог өсгөж, иргэдийн хүртэх өгөөжийг нэмэх санал нь хэтэрхий өөдрөг төсөөлөл байж мэднэ. Гэхдээ газрын хэвлийн баялгаас иргэдэд хүртээх өгөөжийг нэмэхийн тулд ингэхээс өөр замгүй гэдэг нь маргаангүй.