“Бүргэдийн баяр-2025” өв соёлын наадам Богдхан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт ирэх сарын 8, 9-нд болох тов гарчээ. Өнөө жилийн арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Монголын бүргэдчид холбоо хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр нь “Хушхан” брэнд ажиллах бөгөөд зорин очсон хүмүүс 15 мянган төгрөгийн тасалбар худалдан авч, үзүүлбэр, тоглолт сонирхох боломжтой гэнэ. Наадмын цахим тасалбарыг ticket.mn сайтаар борлуулж эхэлснийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв. “Бүргэдийн баяр-2025” наадам Казах үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, бүргэдчдийг алдаршуулах үйл ажиллагаагаар эхэлж, махчин шувуудаар ан ав хийлгэх тэмцээн, шоу үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, өв соёлын арга хэмжээгээр хоёр өдөр үргэлжлэх нь.
Н.Мишээл