Манай улс Майдар хэмээх нэртэй эко хот байгуулна гээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Их Майдар бурхны хөшөөний суурийг, суварган байгууламжийн хамт босгоод орхичихсон буй. Мөн 2022 онд дархан цаазат Богдхан ууланд Ловон Бадамжунайн хөшөө бүхий цогцолбор байгуулна гэж газар шорооны баахан ажил хийж, бужигнуулж байснаа таг чиг болчихсон. Сүүлд Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, Тасганы овоо орчимд Зая гэгээний “Гүшог” дацан буюу “Богд Зонхова” цогцолборыг улсын төсвийн хөрөнгөөр байгуулна хэмээгээд бас л суурийн давхруудыг нь босгоод царцаачихав. Эдгээрийг байгуулахаар санаачилсан гол зорилго нь үндэсний түүх, шашин, соёлоо сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хөгжүүлэх байв. Тийм ч учраас гурвууланг нь үзвэр, үйлчилгээний цогцолбор байдлаар төлөвлөсөн. Эндээс манай улс шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гойд анхаарч, хөрөнгө мөнгө харамгүй “хаяж” ирсэн мэт харагдана. Гэвч бодит байдалд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь боломжуудаа огт ашиглахгүй, давуу тал, онцлогоо олж харахгүй байна. Үнэндээ манай улс бурхны хөшөө, суварга барихад их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагагүйгээр шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой, онцгой өгөгдөлтэй улс шүү дээ.
Бидэнд юу байна вэ
Олон улсын нийтлэг жишгээр бол дэлхийн улс орнууд сүм хийдийн эртний дурсгал, хуучин барилга, байгууламжийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах, үүнд түшиглэсэн шашин, соёлын зан үйлийг түгээн дэлгэрүүлэх байдлаар энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сүсэгтэн олныг татдаг аж. Шашны аялал жуулчлалаар Азид онцгой байр суурь эзэлдэг Тайланд, Япон, Солонгос зэрэг улс, монголчууд эргэл мөргөл хийхээр мянга мянгаараа зорьж очдог Итгэлт хамба, Дарамсала, Төвөдөд ч ийм жишгээр хөгжүүлсэн байдаг. Харин монголчууд эртний сүм хийдийн уран барилга, бурхан шашны төв, цогцолборуудаа аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд хөшүүн хойрго хандсаар иржээ. Манай улсын нутаг дэвсгэрт бий гэх эртний 4000 гаруй сүм дуган, хийдийн барилга, байгууламж, туурийн яг хэдийг нь монголчууд мэдэх вэ, жуулчдын хөл тасардаггүй, зорин очдог нь хэчнээн билээ гээд тоолбол хуруу дарам цөөн. Амарбаясгалант, Эрдэнэзуу, Хамарын, Манзуширын, Аглагийн, Гандантэгчэнлин хийд гээд л зогсоно. Эдгээрийн аль нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж тооцогдох, тоогдох хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна вэ хэмээн харвал шаардлага, шалгуурт нийцэх нь бараг үгүй. Бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс шашин мөргөлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэх нэрийн дор өнгөрсөн хугацаанд хөшөө бунхан босгож, “мөнгө угаах”-ыг зорьж ирснээс биш энэ олон сүм хийд, түүхэн дурсгалд түшиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрийг бий болгоход анхаарч байсангүй.
Бидэнд ямар боломж байгаа талаар “Mongolian guide tour” компанийн захирал, аялал жуулчлалын багш, зөвлөх Ч.Буянбадрах “Сүм хийдийн дэг жаяг, үндсэн үүргийг орхигдуулалгүй, ашиг орлого олохыг урьтал болгохгүйгээр шашин мөргөлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж Монголд бий. Амарбаясгалант хийдийн Гонгорын бумбын их тахилга, Хамарын хийдийн “Энергийн төв” болон Хүүхдийн овооны тахилга, Эрдэнэзуу хийдийн Майдар эргэх ёслол зэрэг дотоодын сүсэгтэн олны анхаарлыг татдаг зан үйлд тулгуурлан бурхны номын утга учир, тарни маанийн шид хүчийг ойлгуулах номт бясалгалыг тодорхой хугацаанд зохион байгуулах боломжтой. Сүм, хийдүүд жуулчдад зориулж судар унших, бясалгах орчин бүрдүүлэх, хувраг-хөтөчийг тусгайлан бэлдэх, суварга гороолох, өргөл өргөх дэг, дарааллыг боловсруулж танилцуулах, лам нартай цав барьж хамт хооллох, харилцан ярилцах боломж бий болгох, эргэл мөргөлчдөд сургалт явуулах, сүсэгтнүүдэд шашны зан үйл, тусгай ёслолд оролцож, буян үйлдэх нөхцөл бүрдүүлэх, шашны эд зүйлс худалдаалах бичил дэлгүүр байгуулах, түүхэн танилцуулгаа ойлгомжтойгоор байршуулах ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай” гэсэн юм.
Бодит байдлын толь болсон Гандан
Манай улс шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудаа ашиглаж чаддаггүйн тод жишээ нь Гандантэгчэнлин хийд. Улаанбаатарт ирж буй гадаадын жуулчдын 90 орчим хувь нь тус хийдэд зочилдог гэсэн статистикийг Монголын аялал жуулчлалын холбооноос танилцуулсан. Нийслэлд үзэж, сонирхох зүйл төдийлөн бага учир Гандантэгчэнлин хийдийг хотын аяллын гол маршрутад арга буюу багтаадаг гэдгээ тур оператор компанийнхан хэлдэг. Тус хийд шашны түүх, соёл талаасаа жуулчдын сонирхлыг ихэд татдаг боловч орчин нөхцөл, үйлчилгээний чанар, хүртээмж зэргээрээ гаднынханд гологддог, хөтөч, тайлбарлагчдын нүүрийг улайлгадаг гэнэ лээ.
Гандан бол Монгол Улсын буддын шашны төв хийд. Энэ нь дотроо Дашчоймпол, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх гурван дацан, буддын шашны их, дээд, дунд сургуультай бөгөөд шашны зан үйл, соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх баялаг түүх, зориулалтын барилга, байгууламж, бааз суурьтай. Гагцхүү үйл ажиллагааг нь өргөжүүлж жуулчдад зориулсан хөтөлбөрөөр баяжуулах шаардлагатай. Үүнээс өмнө зам, дэд бүтцийг нь сайжруулах, ариун цэврийн байгууламжийн чанар, хүртээмжид нь анхаарах, хог, шорооноос нь салгаж, орчны бохирдолгүй бүс болгох ажлуудыг зайлшгүй хийх ёстой. Шашин номын газар, сүм хийд гэдэг угтаа хамгийн ариун, хамгийн дэг жаягтай газар байдаг шүү дээ. Манайх шиг төв хийдээ хотынхоо “хойморт” залчхаад, хог, шороо, ялгадсаар бохирдуулж суудаг улс дэлхийд үгүй л болов уу.
Гандантэгчэнлин хийд, “Мэгжид Жанрайсиг” бурханд түшиглэсэн соёл, аялал жуулчлалын бүс бий болгож, хөгжүүлэх талаар парламент, Засгийн газар, нийслэлийн түвшинд яриад цөөнгүй жил болж байна. “Гандантэгчэнлин хүрээ хороолол” нэртэй хэсэгчилсэн төлөвлөгөө хүртэл баталж, тухайн бүсэд дахин төлөвлөлт хийхээр шийдвэрлэж байсныг уншигчид мартаагүй биз ээ. Гэвч энэ чиглэлээр бодитой хийсэн зүйл юу ч байхгүй. Аялал жуулчлалын асуудал хариуцсан одоогийн сайд, дарга нар ч Гандантэгчэнлин хийд орчмыг уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх талаар ярьж байгаа. Харин аялал жуулчлалын тур операторууд тэдэнд “Ганданг ядаж модон жорлон, хог, шорооноос нь салгаж өгөх” шаардлага тавьсаар буй. Өнгөрсөн жил гэхэд Монголын аялал жуулчлалын холбооноос Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг хэрхэн сайжруулах чиглэлээр аяллын компаниудаас санал авахад “Хийд орчмыг камержуулах, ариун цэврийн байгууламжийг нь сайжруулах, жуулчдад зориулсан мэдээллийн самбар байршуулах, хөтөч, тайлбарлагчдад сургалт явуулах, “Даншиг” наадам болон шашны зан үйлтэй холбоотой бусад арга хэмжээний товыг эрт зарлах” гэсэн байна билээ. Жорлонгийн асуудлыг нь шийдээгүй байж жуулчлалын бүс болгож хөгжүүлнэ гэж ярих нь дэндүү хоржоонтой.
Онцгой имиж
Энэ төрлийн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шашны удирдагч, тэргүүн, зүтгэлтэн хүмүүсийн нөлөө гойд их. Католик шашны тэргүүн Пап Францис, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын хилийн чанад дахь айлчлал олны анхаарлыг цаг ямагт татаж, сэтгүүлчид, жуулчид тэднийг даган “нүүдэллэж” байдаг нь ч учиртай. Пап Францис 2023 онд Монголд ирэхэд Хятад, Солонгос зэрэг Азийн орнуудаас 5000 орчим жуулчин зөвхөн түүнийг харахаар манай оронд ирсэн, дэлхийн хүн амын 17 хувь нь энэ айлчлалтай холбоотойгоор монголчуудын талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон гэж холбогдох байгууллагынхан танилцуулж байв. Далай ламаас авшиг хүртэх гэсэн сүсэгтэн олны цуваа Төвөдөд тасардаггүйг бид мэднэ. Энэ үүднээсээ харвал, Далай ламын айлдвараар Монголоос тодорсон X Богд, түүнийг дагасан дуулиан биднийг хэдийн дэлхий нийтийн анхаарлын төвд аваачаад байна. Харин бид үүнийг зөвхөн шашны талаас бус, өргөн агуулгаар харж, боломж болгон ашиглах хэрэгтэйг судлаачид хэлж буй. Тухайлбал, төвөд судлаач Г.Ням-Очир “X богд Монгол Улсаас тодорсныг соёл болон шашны аялал жуулчлалын талаас харах ёстой. Богд хааны ордон музейг түүнд албан ёсоор хүлээлгэж өгөх хэрэгтэй. Улаанбаатар бол Богдын хүрээ, түүний өмч байсан хот. Богд энэ хотод өөрийн ордноо эзэмших эрхтэй. Монгол Улс коммунист нэр хочноосоо салах сайхан боломж гарч байна. Олон ч Соёлын сайдыг харлаа. Энэ ордныг тордоод арчлаад явъя, өөд нь татъя гэсэн бодолтой хүн нэг ч байсангүй. Бээжингийн Юн Хэ Гүний хийд шашны болон иргэний (музейн) гэсэн хоёр захиргаатай байдаг. Амьд, сүнслэг байлгаж гэмээнэ энэ ордон хөгжинө. Энэтхэгт бэлдсэн 1000 орчим лам хуврагыг зангидсан системтэй, эрч хүчтэй Буддын шашны их сургууль байгуулах боломж бидэнд байна. Энэ нь бидний дэлхийд танигдах имиж болно. Зүгээр сууж байгаад л суралцахаар, мөргөхөөр, аялж зугаалахаар ирсэн урсгалаас ашиг олно” гэсэн нь учир мэдэх хүний үнэтэй зөвлөмж, санал байв. Монголд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх нөр их боломж бий. Магадгүй үүнийг ашиглах хамгийн тохиромжтой цаг хугацаа нь Монголын бурхан шашинтны тэргүүн X Богдыг сэнтийд нь залахаар зэхэж буй энэ үе гэлтэй.
Н.Мишээл