Баянзүрх дүүргийн 14-р сургууль өнөөдөр морин цагаас хичээлийн шинэ байрны нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Саранчимэг, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хоанг Туан Тхинь нар уригдан оролцлоо.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэсэн үгэндээ “Эдийн засаг хүндрэлтэй үед 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй концессийн гэрээг байгуулах амаргүй байсан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар болон тухайн үеийн парламентын гишүүдийн дэмжлэгтэйгээр сургуулийн барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажлыг “Цамхаг констракшн” ХХК жил гаруй хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өглөө. Боловсролтой залуу үе монголын ирээдүйг авч явна, улс орноо дэлхийн түвшинд гаргаж чадна гэдэгт би итгэдэг. Энэ сургуулиас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат зэрэг төр нийгмийн алдарт зүтгэлтнүүд төрөн гарсан. Цаашид ч улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарын шилдгүүд 14-р сургуулиас олноороо төрөн гарна нэдэгт итгэж байна, ерөөж байна.” гэлээ.
Анх хоёр багш, хоёр ажилтан, 75 сурагчтайгаар 1949 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн 14-р сургуулийн байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас 2013 онд актлагдсан бөгөөд 2016 оны хавраас хичээлийн шинэ байрны барилгын ажлыг эхлүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд хамгийн том буюу анхны 1500 суудалтай энэхүү хичээлийн байранд 3000 гаруй сурагч хоёр ээлжээр хичээллэж байна.