Дархан цаазат Богд хан уул буюу Чингис хааны хөрөг зурагтай уулыг энэ сарын гуравнаас эхлэн ухаж эхэлжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 12-р зүйлд ашигт малтмалтай холбоотой хэд хэдэн хориглох заалт байдаг. Тэгвэл энэхүү хориглох хуулийн заалт хэрэгжихгүй байна.
Богд Хан уулын бэлээс хумслагдаж өндөр өндөр барилгууд баригдан, бараа нь дарагдсаар л байна. Өнгөрсөн жил Соёмботой уулыг ухаж байсан бол энэ жил Чингисийн хөрөгтэй ууландаа гар хүрлээ.
Нийслэлчүүдийн дээдэлдэг уулыг сэндийчиж буй эзэн холбогдогч хэн болох талаар Богд уулын дархан цаазат газрын хамгааллын захиргаа болон байгаль хамгаалагчаас тодруулахад "одоохондоо мэдээлэлгүй байна" гэв. Энэхүү газар нь н.Одсүрэнгийн эзэмшил газар гэж эх сурвалжууд мэдээлээ.
Хөрөнгө мөнгөтэй хүнд дархан цаазтай газар байсан ч өмчлүүлж байна. Энэхүү газрын эзэмшлийг давхцуулж олгосон зөрчилтэй байж болзошгүй гэнэ. Энэ маягаараа нийслэлчүүд хэр удаан Богд хан уулын барааг харж чадах бол гэсэн айдас иргэдийн дунд үүсээд байна.