Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХК зэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.
Устгалын ажилд “Бид туслая” ТББ нь энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс хяналт тавин ажиллаж байгаа юм.
Устгасан нохойг Хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран нэг бүрчлэн тоолж, устгалд оруулсан. Устгалын ажлыг дүүрэг бүрийн хороо бүрт хүрч ажиллах зорилготойгоор, сар бүр график гарган ажиллуулж байна. Анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр тавьдаг.
Мөн энэ оны тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийх ажил хийгдсэн. Дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.