Аж үйлдвэрлэлийн зөвлөл, АТОЗ, Баялаг бүтээгчдийн холбоо, Монголд бид үйлдвэрлэв ТББ хамтран үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Аж үйлдвэрлэлийн яам байгуулах талаар энэ сарын 23-ны өдөр төв талбайд жагсахаа өнөөдөр хэвлэлд мэдээлэв.
Жагсаалд нэгдүгээрт оффшорч авилгачдын эсрэг тэмцэл, хоёрдугаарт аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулж үндэсний үйлдвэрлэгчдээ унагаах биш дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолно. Энэхүү эсэргүүцлийн жагсаал бол шинэ Засагт хандсан хүсэлт бус анхны шаардлага гэдгийг холбоод мэдэгдэв.
Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын захирал Г.Майцэцэг:
Хөнгөн үйлдвэрээ дэмжихгүй бол ямар ч улс хөгжихгүй. Норвеги улс 5 сая хүн амтай, байгалийн баялагийн хувьд ч Монгол Улстай ойролцоо, аж үйлдвэрлэлийг нь маш сайн дэмждэг тул иргэн бүр нь саятан байна. Монгол улс Норвегийн хөгжлийн замналаар явах хэрэгтэй.
Өнөөдөр Монголчууд талх барьдаг зуухаа зарж талх авч байна. Ядуу гэдэг марафонд гүйж залхсан хүн бүхэнд оффшороо дүүргэгсдийн марафоныг зогсоохоор жагсахыг уриалмаар байна.
Аж үйлдвэржсэн орон дампуурсан түүх байдаггүй. Бидний ажил нэгдүгээрт сэтгэлгээний хувьсгал, хоёрдугаарт шударга ёсны хувьсгалд, гуравдугаарт аж үйлдвэрийн буюу бүтээн байгуулалтын хувьсгал байгаасай гэж зорьж байна. Энэ гурван хувьсгалыг хийж байж Монгол Улс хөгжинө.