Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 14 сурагч хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хүргүүлж, эмчлүүлсэн явдал өнгөрсөн онд гарсан. Сурагчид “Хаан сүү” ХХК-ийн жигнэмэг, аньсны шүүснээс хордсон нь лабораторийн шинжилгээгээр тодорхой болсон юм. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван сурагч дотуур байрныхаа хоолонд хордсоноос эмнэлэгт хүргүүлж, нэг нь амиа алдсан золгүй явдал хэдхэн сарын өмнө гарсан билээ.
Олон хүүхэд зэрэг өвдөж, нийгмийн анхаарлыг татсан нь энэ болохоос биш, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагч хоолноос хордож, эмнэлгийн хаяа бараадах нь хамрын ханиад шиг түгээмэл болсныг мэргэжилтнүүд хэлэв. “Иргэд хоолонд хордох нь баяр ёслолын үеэр эрс нэмэгддэг ч сурагчид нянгийн болон нянгийн бус гаралтай хордлого тусах тохиолдол буурахгүй байна” хэмээн ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн их эмч М.Бадамханд ярилаа. Өнгөрсөн онд гэхэд л хоолны хордлогод орсон, ерөнхий боловсролын сургуулийн 700 гаруй сурагч тус тасагт хэвтэн эмчлүүлсэн гэнэ.
ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг ч эднийхээс дутахгүй ачаалалтай ажилладгийг тэд онцолсон. Өвчтөнүүдийн дийлэнх нь 10-15 насныхан бөгөөд сургууль доторх болон ойролцоох цайны газар, дэлгүүр, түргэн хоолны цэгээс авч идсэн хүнсний бүтээгдэхүүнээс голдуу хордсон байж. Энэ нь сургууль орчмын бүс дэх худалдаа, үйлчилгээний газруудад тавих хараа хяналт сул, нөгөөтэйгүүр, сурагчид хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, шимт чанар, найрлага, боловсруулалт зэргийг төдийлөн анхаардаггүй нь баталгаагүй хүнсэнд хордох гол шалтгаан болдгийг эмч, мэргэжилтнүүд онцолсон. Үүнийг батлах судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс саяхан хийсэн юм.
“Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд сургууль, цэцэрлэгийн орчимд худалдахад тохиромжгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гарган, хүүхдэд зориулсан хүнс, хоол үйлдвэрлэлд тавих шаардлагыг баталсан. Түүнчлэн сургуулийн орчинд худалдаж болохгүй хүнсний 20 бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас 2005 онд баталсан байдаг аж. Үүнд, түргэн мууддаг өрмөнцөртэй жигнэмэг, нарийн боов, хиам, зайдас, хийжүүлсэн ундаа, чипс, кофе, өтгөрүүлсэн сироп, өндөг, түргэн хоол (пицца, бургер, хотдог), цуугаар амталсан, лаазалсан бүтээгдэхүүн багтжээ.
Гэвч эдгээр бүтээгдэхүүн нь сурагчдын өдөр тутамдаа хэрэглэдэг, хамгийн эрэлттэй, дотнын “анд” нь болсныг НЭМҮТ-ийнхний “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал” судалгаагаар тодорхой болсон юм. Ялангуяа нийлэг буюу химийн аргаар гарган авсан өрмөнцөртэй жигнэмэг, хийжүүлсэн ундаа, пирожки сурагчдын түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүн болсон нь мэргэжилтнүүдийн санааг чилээх болов. “Пирожки хямд үнэтэй, илчлэг өндөртэй учраас сурагчдын гол хүнс болж байна. Үүнийг шарахад хэрэглэсэн ургамлын тосны чанар муудсаар транс тос болон хувирдаг.
Сургуулиудын цайны газарт худалдаж буй пирожкинуудыг шинжлэхэд давс, тосны агууламж зохих хэмжээнээс хэтэрсэн байгаа нь тогтоогдсон. Цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдахыг бүрмөсөн хориглох шаардлагатай” гэж дээрх судалгааны тайланд бичсэн байв. Судалгаанд оролцсон сурагчдын 56.4 хувь нь хийжүүлсэн ундаа, 70 хувь нь напелеон, 82 хувь нь пирожки тогтмол хэрэглэдэг гэжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн чихрийн шижин, зүрх судасны эмгэг, хорт хавдар зэрэг олон өвчин үүсэх гол шалтгаан болдог учраас ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг татгалзахыг мэргэжилтнүүд уриалж буй. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн 18 дугаар сургуулийнхан хийжүүлсэн ундаанаас татгалзаж эхэлсэн байна. Баталгаагүй, хортой хүнсний бүтээгдэхүүнээр “бүчүүлсэн”, нийслэл, орон нутгийн бүх сургууль энэ санаачилгыг дэмжин, хэрэгжүүлбэл сайн сан.
“Судалгаанд хамруулсан сургуулиудын цайны газар, хүнсний мухлагт шим тэжээлтэй, эрүүл хүнс, ялангуяа жимс, жимсгэнэ огт худалддаггүй юм билээ. Иймд цаашид сургуулийн орчинд чанар, аюулгүй байдлын баталгаатай, жимсний худалдааг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн НЭМҮТ-ийн Хоол судлал, шим тэжээлийн лабораторийнхон хэллээ.
Сургууль, цэцэрлэгийн орчин бол худалдаа эрхлэгчдэд хамгийн ашигтай цэг. Олны хөлийн газар гэж хэлж болно. Гэвч наймаачид дориун ашиг яаж олох вэ гэж бодохоос биш, хүүхдүүд үүнийг идэхэд тохиромжтой юу, ямар нөлөөтэй вэ гэдгийг огт боддоггүй. Хүүхдүүд ч бүтээгдэхүүний шошгыг тэр бүр чухалчилж харалгүй, аль болох хямд төсрийг сонгодог нь сургуулийн орчинд худалдаа эрхлэгчид “тэтгэвэрт гарсан” бүтээгдэхүүнээ тэдэнд ямар ч саадгүйгээр шахах таатай нөхцөл болдог байна. Энэ нь ч мэргэжлийн байгууллагаас үе үе хийсэн шалгалтаар илэрдэг гэнэ.
Нэгэн баримт дурдъя. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага өнгөрсөн хавар нийслэл дэх төрийн болон хувийн өмчийн 197 сургуулийн цайны газар, ойролцоох мухлагуудыг шалгахад ихэнх нь бүдэрчээ. Хамруулсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах стандартын агуулахгүй байсан аж. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 60, 114, 34, 41, 18, Баянголын 19, Баянзүрх дүүргийн 21, 53, 89, “Амгалан”, “Төгс дэлгэрэх” цогцолбор сургууль гээд “муу” дүн авсныг нь бичвэл уртаас урт жагсаалт хөврөх нь.
Үүнтэй холбоотой зөрчлийг тухай бүрт нь арилгуулж, арга хэмжээ авдаг ч давтагдсаар байдгийг НМХГ-ын байцаагч Ч.Мөнх-Оргил онцолсон. Тэрбээр “Бид жил бүр сургуулиудад төлөвлөгөөт шалгалт хийж, цөөнгүй газарт мөнгөн торгууль ногдуулж, албан шаардлага, зөвлөмж хүргүүлдэг. Гэвч дээрддэггүй. Бидний ажил үр дүнгүй болдог. Энэ байдлыг өөрчлөхийн тулд эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлага тооцох тогтолцоог чангатгах хэрэгтэй” гэлээ.
Манай улс сургууль, цэцэрлэг, дотуур байрны ойролцоох 500 метрт архи, согтууруулах ундаа, тамхи худалдахыг хуулиар хориглодог. Харин хүнсний бүтээгдэхүүнийг ер ойшоодоггүй. Сургуулийн орчинд худалдаж болохгүй бүтээгдэхүүний жагсаалт баталсан атал түүнийгээ хуульчилж, хэрэгжүүлэхэд ер санаа тавьдаггүйгээс цаасан дээр үлгэр болж үлдсэн. Үүний уршгаар сургуулийн насны хүүхдүүд эрүүл мэндэд хортой, халгаатай бүхнээр хүрээлүүлж, сонгохоос аргагүй байдалд хүрээд байна.
Нэгэнт худалдаа эрхлэгчдэд “Ийм зүйл зарахыг хуулиар хориглодог” гэж сануулж, шаардлага тавих боломж үгүй тул эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл, зөв хооллолтын дадал хэвшлийн талаар ойлголттой болгох нь юу юунаас чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөлөө. Ядаж л худалдан авсан бүтээгдэхүүнийхээ шошгыг уншдаг болчихвол тэд “хор” сонгоно гэж үү.