Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй эдийн засагт ч халгаатай болоод удлаа. 2011-2015 онд гэхэд л хорт утаанд 132.5 тэрбум төгрөг “залгиулжээ”. Улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр энэ хөрөнгийг бүрдүүлсэн аж.
Агаарын бохирдол иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээнд хүрчихээд байхад өдий хэрийн хөрөнгө гаргаж, тэмцэх нь зүйн хэрэг. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Агаар дахь хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр өнгөрсөн онд дэлхийн дунджаас 5-6 дахин их буюу аюултай түвшинд хүрсэн. Өнөө жил ч энэ “амжилтаа” давтахгүй гэсэн баталгаа алга.
Учир нь, утааны улирал юу юугүй эхлэх гэж байхад төр, засаг, холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авах талаараа дорвитой шийдэлд хүрээгүй, “Төлөвлөсөн ажил бий, удахгүй хэрэгжүүлнэ” гэсэн бүрхэг зүйл яриад сууж байх юм.
Харин жил бүр ёс юм шиг хийдэг ч үр дүнгээ өгдөггүй ажлуудаа дахин туршихаар базааж буй сурагтай. Үүний нэг нь, гадаадад үйлдвэрлэсэн, агаарын бохирдол бууруулах шидтэй гэх элдэв тоног төхөөрөмжүүдийг гэр хороолол, албан байгууллагуудад “шахах”.
Агаарын бохирдол бууруулахад өнгөрсөн дөрвөн жилд зарцуулсан 132.5 тэрбум төгрөгийн багагүй хэсгийг (50 тэрбумыг) гадаадын аль нэг оронд үйлдвэрлэсэн, дэвшилт төхөөрөмж, технологи нутагшуулж, туршихад зарцуулан, хэдэн арван төсөл, хөтөлбөр санаачилжээ. Гэвч тууштай хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөн нь үгүй.
...Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийнхөө тоогоор үр дүн гардаг бол бид өдийд утаанаас бүрмөсөн ангижрахаар хугацаа өнгөрсөн. Гэвч хорт утаа улам өтгөрсөөр, нийслэлчүүд түүнд дарлуулсаар буй. Энэ нь бид агаарын бохирдолтой өнөө хүртэл буруу аргаар тэмцэж ирсний нотолгоо. Голыг нь олсон, оновчтой зөв шийдэл олохгүй бол энэ байтугай зардал гарна шүү дээ. Орчны бохирдлын гол шалтгаан гэгддэг хэт төвлөрлийг бууруулаагүй цагт хэчнээн мянган өрхийн зуухыг сольж, нүүрсийг цэвэршүүлээд ч нэмэргүй гэдгийг учир мэдэх хүн хэллээ...
Баримт-1. 2011 онд нийслэлийн Засаг дарга гурван дүүргийн 12 хороонд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, нүүрсэн болон үртсэн шахмал түлшээр айл өрхүүдийг хангах санаачилга гаргав. Ингээд 2011-2012 онд “Утаагүй хороо” туршилтын хөтөлбөр хэсэгчлэн хэрэгжүүлж, агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг өрхүүдэд ийм түлш түгээсэн юм. Гэвч энэ санаачилга удаан үргэлжилсэнгүй, амжилт ч олсонгүй.
Өрхийн хэрэгцээнд шаардлагатай түлшний ердөө 5-10 хувийг шахмал түлш үйлдвэрлэгчид дөнгөн данган нийлүүлж байсан учир уг хөтөлбөрийг бүрмөсөн зогсоосон. Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг түүхий нүүрсний хэрэглээг шахмал руу урвуулах чиглэлээр үүнээс хойш цөөнгүй ажил санаачилсан ч мөн л амжилт олсонгүй. Үүнд найман тэрбум төгрөг “хандивласан” юм.
Баримт-2. 2012 онд “Цэвэр агаар” сангаас “Утаагүй зуух” хөтөлбөр хэрэгжүүлж, утаа бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан хадгалдаг гэх “Хас”, “Өлзий”, “Дөл” гэсэн гурван төрлийн зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнэ (29-36 мянган төгрөг)-ээр олгож эхлэв. Улмаар 2014 он гэхэд нийслэлийн гэр хорооллынхны 60 хувь нь, зарим томоохон аймагт үүнийг туршив.
Өрхүүд сайжруулсан зуух хэрэглэдэг болсноор нийслэлийн агаарын бохирдол 20 хувиар буурсан гэж албаныхан зарласан ч иргэдийн урмыг хугалсан олон асуудал үүссэн. “Дөл” зуухыг буруу галласнаас дэлбэрч гурван иргэн амиа алдсан, гэр бүлээрээ угаартсан тохиолдол гарав. Түүнчлэн хамгийн гол давуу тал болох утаа бага ялгаруулдаг, дулаанаа удаан хадгалдаг чанар нь тийм ч сайн байгаагүй нь иргэдийн урмыг хугалсан юм.
Хөтөлбөрийн нэр барьж, ашиг хонжоо олдог хүн ч олширсон. Энэ шалтгаануудын улмаас улаанбаатарчууд “Утаагүй зуух”-наас татгалзаж, хөтөлбөр ч замхрав. Хоёр жилийн настай энэ хөтөлбөрт 17 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Баримт-3. 2014 онд Нийслэлийн Агаарын чанарын алба, нийслэлийн ЗДТГ-тай хамтран агаарын бохирдол бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, энэ хүрээнд зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд яндангийн утаа шүүгч тараав. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчмын 1090 өрх, Чингэлтэй дүүрэгт мөн тооны айлд өглөө.
Утаатай хамт агаарт ялгардаг дэгдэмхий бодис, хөө тортог, тоосонцрыг 88 хувь шүүдэг гэж албаныхан танилцуулсан энэ төхөөрөмжийг айл бүрт суурилуулбал агаарын бохирдлоос бүрмөсөн ангижрахаар байв. Гэвч эл төсөл ойндоо хүрэлгүй зогссон. Шалтгаан нь, утаа шүүгч үүргээ тийм ч сайн гүйцэтгэдэггүй байж. Энэ бүтэлгүй туршилтад хоёр тэрбум төгрөг хийсгэжээ.
Баримт-4. БНСУ-д үйлдвэрлэсэн, нүүрс цэвэршүүлэгч бодисыг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг 12 мянга гаруй өрхөд БОНХАЖЯ (хуучнаар)-ныхан 2015 онд туршилт нэрийдлээр бэлэглэв. Энэ нь нүүрсний хорыг шүүдэг учир агаар дахь хорт бодисыг 60 хувиар бууруулах боломжтой хэмээн нийлүүлэгч компанийнхан судалгаандаа дурджээ.
Гэвч эл бодисоор цэвэршүүлсэн нүүрс илчгүй, түргэн асдаг гэсэн гомдол цөөнгүй иргэнээс ирсний үндсэн дээр энэ санаачилга талаар болсон гэх. Гадаадынхан “Та нар үүнийг туршаад үз” гээд бидэнд цэвэршүүлэгч бодис үнэгүй өгөөгүй нь мэдээж. Ингээд 12 мянган өрх туршсан эл бодист 50 сая төгрөг “идүүлжээ”.
Агаарын бохирдол гэх “мангас”-ыг ялахад бид энэ мэт бүтэлгүй, үр дүнгүй туршилт өчнөөн хийлээ. Агаарын чанарыг сайжруулах зорилгоор албан байгууллагуудад олгосон төхөөрөмж (цэвэршүүлэгч, шүүгч), цахилгаан станцын зуух, тээврийн хэрэгслийн утаа хаягчийг сайжруулах, солих, утааны голомтод буй өрхүүд рүү чиглэсэн хөнгөлөлт, урамшуулал олгоход ч багагүй хөрөнгө зарцуулсан нь ойлгомжтой.
Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийнхөө тоогоор үр дүн гардаг бол бид өдийд утаанаас бүрмөсөн ангижрахаар хугацаа өнгөрсөн. Гэвч хорт утаа улам өтгөрсөөр, нийслэлчүүд түүнд дарлуулсаар буй. Энэ нь бид агаарын бохирдолтой өнөө хүртэл буруу аргаар тэмцэж ирсний нотолгоо. Голыг нь олсон, оновчтой зөв шийдэл олохгүй бол энэ байтугай зардал гарна шүү дээ.
Орчны бохирдлын гол шалтгаан гэгддэг хэт төвлөрлийг бууруулаагүй цагт хэчнээн мянган өрхийн зуухыг сольж, нүүрсийг цэвэршүүлээд ч нэмэргүй гэдгийг учир мэдэх хүн хэллээ. Сүүлийн дөрвөн жилд утаанд “идүүлсэн” мөнгөөр ийм зохицуулалт хангалттай хийх боломжтой байсныг ч тэрбээр онцолсон. Гэтэл төр, засаг, холбогдох байгууллагууд урагшгүй, үр дүнгүй туршилтаа энэ жил ч үргэлжлүүлэх бололтой.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Бидний баримталж буй зарчим бол засгийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх. Нийслэлд жил бүр 30 мянган хүн шилжиж ирдэг гэсэн тооцоо бий. Тэдний олонх нь буюу 90 гаруй хувь нь гэр хороололд суурьшдаг. Галладаг өрх өсөхийн хэрээр бохирдол нэмэгдэнэ. Тиймээс хамгийн үр дүнтэй шийдлийг тодорхойлж, богино хугацаанд хэрэгжүүлнэ” гэж байв.
Агаарын бохирдолтой холбоотой асуудалд санаа тавих ёстой бусад байгууллага, мэргэжилтнүүд ч өмнөх засгийн бодлогын алдаатай бодлого агаарын бохирдлыг дээд цэгт нь хүргэсэн хэмээн буруушааж байсан юм. Гэвч тэдэнд өмнөхөөс дээрдэх “хөзөр” байсангүй. Үр дүнгүй, бүтэлгүй туршилтаа дахиад л үргэлжлүүлэх бололтой.
Өнгөрсөн өвөл гэхэд л Дэлхийн банкны санхүүжилтээр 50 гаруй сургуульд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах ажил эхлүүлсэн. Шинжлэх ухаанч, оновчтой шийдлийн эрэлд “мордсон” эрдэмтэн, судлаачдынхаа саналыг ч ажил хэрэг болгож чадаагүй. “Судалж байна” гэсэн үгээр хуурсаар хагас жилийн нүүр үзлээ. Нийслэлийн удирдлагын багийнхан агаарын бохирдол бууруулах тусгай сан байгуулж, “Тулга” гэх герман төхөөрөмж гэр хорооллын өрхүүдэд “шахахаар” зэхэж буй гэнэ.
Цахилгаанаар ажилладаг, 2.5 сая төгрөгийн өртөгтэй энэ төхөөрөмжийг гэр хорооллын 189 мянган өрх хэрэглэдэг болчихвол агаарын бохирдлыг 90 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд ярьж байна. “Дөл”, “Өлзий”, “Хас” зуухны үлгэр “Тулга” хэмээх цахилгаан халаагуураар үргэлжлэх нь.
Тэрчлэн 2017 онд агаарын бохирдол бууруулахад улсаас төсөвлөсөн таван тэрбум төгрөгийн зонхилох буюу 3.5 тэрбумыг цахилгааны хөнгөлөлтөд, үлдсэнийг нь зорилтот бүлгийнхнийг сайжруулсан түлш, зуухаар хангахад зарцуулах гэнэ. Ингээд бид утаанд дахиад 1.5 тэрбум төгрөгөө зуух, түлш болгож “залгиулах нь”. Магадгүй Улаанбаатарын утаа жил бүр чамгүй хэдэн төгрөг “зулгаадагтаа” амтшаад улам бүр ихэссээр байгаа ч юм бил үү.