Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн 86 сая төгрөгийн санхүүжилтээр "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төслийг Говьсүмбэр аймагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээллээ.
Манай улсын арван аймаг, гурван дүүрэгт хэрэгжээд байгаа энэ төслийг 2017 оны нэгдүгээр сарын 16-наас эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан дуусгах зорилт тавьжээ. Говьсүмбэр аймгийн хувьд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь" уриан дор аймгийн ТББ-уудтай хамтран хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд эмч нарын үйлчилгээ, хандлагыг дүгнэхээр "иргэдийн онооны карт" явуулж, 314 иргэнээс үнэлэлт дүгнэлт авсан. Суурь судалгаанд 516 иргэн оролцож, 200 гаруй иргэдтэй уулзалт хийжээ. Иргэдийн санал асуулгын дүнд тус аймагт зүрх судасны кабинет байгуулах талаар мөн эмч нарын ачаалал ихсэн үйлчилгээний чанар, харилцааны доголдол гарч байгааг 630 иргэний гарын үсгээр баталгаажуулан Эрүүл мэндийн сайдад хүргүүллээ.
17.000 хүн амтай Говьсүмбэр аймгийн ерөнхий эмнэлэгт 113 хүн ажиллаж байгаагаас 40 нь эмч боловч дийлэнхийнх нь тэтгэвэрт гарах нас болсон байна. Ойролцоо үйлдвэр ихтэй тул нэг жилийн амбулаторийн үзлэг 71 мянгад хүрсэн талаар МҮНС ТББ-ын сайн дурын ажилтан Д.Өлзийтогтох хэмээв.