“Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн ерөнхий захирал М.Түвдэндорж, гүйцэтгэх захирал Ч.Гантөмөр, менежер Г.Зоригтбаатар, “Эко орчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Лхагвасүрэн, тус компанийн менежер Б.Агийванчиг болон ажилчдын төлөөлөл болох 20 гаруй хүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхныг тендер будлиантуулсан гэж үзэж буй юм.
“Нийслэлийн есөн дүүрэг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх ажлыг салбартаа олон жил хог тээвэрлэсэн туршлагатай, хүн хүч, тоног төхөөрөмж сайтай байгууллагатай "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ" байгуулан ажилладаг. Сүхбаатар дүүрэг 2012-2017 онд нийт 20 хорооны айл өрх, аж нэгж байгууллагын хог хаягдлыг таван багцад хуваан “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл”, “Сүхбаатар тохижилт”, “Алтан дорны хүч”, Цүзүки Юмэ ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж ирсэн.
Гэтэл 2017 оны тавдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн 20 хорооны айл өрх, аж нэгж байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх ажлыг нийт гурван багц болгон өөрчилж тендер зарласан. “Энэ тендерт “Улаанбаатар Шинэчлэл” ХХК нь “Эко орчин” ХХК-тай хамтран 473 хуудас бүхий тендерийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг чанарын өндөр түвшинд бэлтгэн, тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл энэ тендерийн сонгон шалгаруулалтад ямар ч ажлын туршлагагүй, сүүлийн найман жил хог тээвэрлэлт огт хийж байгаагүй, мэргэшсэн боловсон хүчин болон тусгай зориулалтын машин техник хэрэгсэл ч байхгүй барилгын салбарт ажиллаж байсан гэх сураг төдий мэдээлэлтэй “Төгөлдөр хутагт констракшн” ХХК-ийг шалгаруулсан.
Үүнээс болж өнөөдөр дээрх хоёр компанид ажилладаг, 100 гаруй хүмүүс ажилгүй, гудамжинд гарах гэж байна. Энэ асуудлыг холбогдох газрууд нь хянаж, шалгаж, шүүхийн байгууллагууд нь үнэн мөнийг нь олж өгөөч” гэж хуралд оролцогчид хэлж байв. “Улаанбаатар шинэчлэл” компанийн захирал М.Түвдэндорж “Тендерт шалгарсан “Төгөлдөр хутагт констракшн” ХХК-ийн талаар багагүй судалгаа хийж үзсэн. Энэ компани нь хог хаягдал тээвэрлэх ямар ч ажлын туршлага байхгүй, тендерт ялах гэж 2017 оны тавдугаар сараас таван ширхэг ачааны машин өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Үүнийхээ ачаар тендерт ялалт байгуулсан. Манай компани Сүхбаатар дүүрэгт 10 жил хог тээвэрлэсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн дарга нарт хотын хог, хог ачдаг компаниудын ажлын чанар, үзүүлэлт, үр дүн ч чухал биш, харин тендерээс ашиг олох нь илүү чухал юм байна” гэж ярив.