Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ.
Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.
Үүнд: Баянзүрх дүүрэг 13 сургуулийн 21 автобус
Баянгол дүүрэг 7 сургуулийн 10 автобус
Сонгинохайрхан дүүрэг 3 сургуулийн 3 автобус
Сүхбаатар дүүрэг 12 сургууль, 1 сургалтын төвийн 30 автобус
Чингэлтэй дүүрэг 1 сургуулийн 1 автобус
Хан-Уул дүүрэг 5 сургуулийн 13 автобус
Налайх дүүрэг 2 сургууль, 1 цэцэрлэгийн 3 автобус
Багахангай дүүрэг 1 сургуулийн 1 автобус хамрагджээ.
Үүнээс 90,2% нь буюу 74 автобус насжилтаар, 22% нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байсныг арилгуулахаар “Зөвлөмж” хүргүүллээ.
2016-2017 оны хичээлийн жилд нийт 82 автобус хамрагдаж өмнөх оны мөн үеэс хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан үзүүлэлттэй боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал илт сайжирсан ололттой байлаа.
Цаашид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай “Хүүхдийн автобус”-аар тээвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдал хангах, түгжрэл саатал, агаарын бохирдлыг бууруулах, зэрэгт чухал нөлөөтэй юм.
Мөн эцэг эхчүүд хүүхдийн автобусны үйлчилгээнд тогтмол хяналт тавьж байх, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд шалгалтанд тэнцээгүй, шаардлага хангахгүй байгаа автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.Мөн хүүхэд зам хөндлөн гарахад дунджаар 10-15 секунд шаардагддаг бөгөөд энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар ЭЦЭГ ЭХ ТА хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, тэдэнд багаас нь зөв дадал эзэмшүүлэхийг уриалж байна.
Монгол улсын ирээдүй, эзэн болсон хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос хамгаалцгаая.