Өнөөдөр есдүгээр сарын 1. Дуунд өгүүлдэгчлэн номхон даагаа унаад, сургуульдаа явдаг хүүхэд одоо байхгүй болсон л доо. Харин эрдмийн баяртаа оролцохоор яарч буй хүүхэд багачуудын цүнхэнд зуны гурван сар “мартсан” ном, дэвтэр нь бол бий. Ангийн найзууд, алтан номын түлхүүр атгуулсан ачит багш нартайгаа хурдхан уулзах гэсэн халуун дотно сэтгэл нь бас буй.
Арав гаруй буудлын газраас автобусаар хичээлдээ очдог, эсэх нь, сургууль нь гурван ээлжээр хичээллэдэг байна уу, үгүй юү гэдэг, ангийнх нь ширээ, сандал хуучин байсан ч хүүхдүүдэд энэ бол тийм ч чухал биш. Томчууд бидэнд түвэгтэй, тэвчимгүй мэт санагддаг эдгээр асуудал үнэндээ хүүхэд багачуудын хөөрч догдолсон сэтгэлийг дундлах шалтгаан болдоггүй. Өнгөрсөн жил анх сургуульд орохдоо аав, ээжээсээ зүүгдэн уйлж байсан зургаан настнууд хүртэл өнөөдөр “хал цэрэг” болчихсон анги руугаа додигор алхаж буй. Есдүгээр сарын 1 ийм болоод л ер бусын баярт өдөр байдаг болов уу.
Энэ жил 73.545 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж буй. Эрдмийн өргөөний үүдээр алхаж буй хүүхдүүдийн тоо ноднингоос 11.300-гаар нэмэгдсэн гэсэн үг. Цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдах гэж буй нь өнгөрсөн жилийнхээс 9321-ээр өссөн үзүүлэлт гэхээр Монголын үрс маш олон болж буйн илрэл энэ биз. Харин тэднийгээ эрдэм боловсролтой хүн болгоход төр, засаг хэр зэрэг сэтгэл зүтгэл гаргаж байгаа билээ гэдэг нь бодох асуудал.
Ямартай ч 2017-2018 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 17 сургууль ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр 7360 хүүхдэд боловсрол эзэмших боломж нээгдэх аж. Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудаас ес нь энэ хичээлийн жилээс эхлэн хоёр ээлжтэй болж байгаа гэсэн баярт мэдээг салбарын яамнаас дуулгасан.
Түүнчлэн концессоор 78 сургууль, гурван дотуур байр, 20.160 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх жилээс барьж эхэлнэ, 3060 хүүхдийн ор бүхий 19 цэцэрлэг 2018 онд ашиглалтад орно гэхчилэн чихэнд чимэгтэй мэдээлэл ар араасаа дуулдаж буй. Гэхдээ цаасан дээрх төлөвлөгөө манайд тэр бүр хугацаандаа хэрэгжиж, биелэх нь эргэлзээтэй байдгийг санахад илүүдэхгүй.
Биднийг тэгнэ, ингэнэ гээд “мөрөөдөж” суух хооронд цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхэд багачуудын тоо улам бүр нэмэгдэх нь нэгэнт тодорхой болов. Тиймээс хүүхдийн цангинасан инээд, цалгилсан хүсэл мөрөөдөлтэй хоршсон энэ өдөр тэднийхээ сүүн цагаан сэтгэл шиг илүү сайхан гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө томчууд бид нэгийг бодож, хоёрыг тунгаах учиртай биз. Есдүгээр сарын 1-нд монгол хүүхэд бүхэн яарч догдлон очих цэцэрлэгтэй, сургуультай байх болтугай.