Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би...
хэмээн Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан агсан нэгэнтээ шүлэглэсэн. Хөвч хангайн чөмөг царцам хүйтэнд буй биеэрээ “цасан бөмбөг” болтлоо цантчихсан хэрнээ л хамар нь тачигнан, сүүлээ сагсалзуулан хөөрч давхидаг омголон догшин, басхүү сүрлэг амьтан бол сарлаг. Өнгөрсөн жил манай улсын мал тооллогоор 798.6 мянган сарлаг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос даруй 52 мянгаар давсан үзүүлэлт аж.
Сарлагийн тоо толгой жилээс жилд нэмэгдэж байгаа ч урьдынх шиг сүрлэг, сүрдэм төрхөө улам бүр алдаж, бие нь давжаараад зогсохгүй ашиг шим, үр өгөөж нь ч багассаныг малчид өвөр зуураа хэлэлцдэг болсон. “Сарлагийг амьдаар нь мал маханд тушаах ёстой дэмий юм. Жин дарахаа больчихож. Махалбал арай илүү үнэд хүрнэ” гэсэн үг уулархаг нутгийнхны амнаас унах болсныг мэдэх юм.
Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл болон Хэнтийн нурууны өмнүүр гол төлөв тархсан, намдаа л далайн түвшнээс дээш 1600 метр өндөрлөг газраар бэлчээрлэдэг сарлагийг уг нь тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал гэж бидний өвөг дээдэс ихэд үнэлдэг байв. Ашиг шимээрээ монгол үхэртэй эн зэрэгцэхээс гадна адуу, тэмээний хийх ажлыг гүйцэтгэдэг тул гурван хошуу бодыг өлхөн орлодог, мөн ямаанаас дутахгүй хөөвөр, савга, хялгас өгч чадах цорын ганц мал бол сарлаг. Гэтэл цаст уулын “эзэн” энэ сүрлэг мал яагаад тэгж давжаарах болов оо.
Мэргэжилтнүүд дээрх асуултад “Нэгдүгээрт, сүүлийн 20 гаруй жил манай улс сарлагийн үржил селекцийн ажлыг орхигдуулсны улмаас цус ойртож, ашиг шим нь буурсан. Хоёрдугаарт, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал сарлагийн бие организмд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй. Гуравдугаарт, малчид урьдынх шиг эр сарлагийг уналга эдэлгээнд ашиглахаа больсноор бие нь задрахгүй аж” хэмээн эш үндэслэлтэйгээр хариулсан.
Цаг үеийн нөхцөл байдлаас болоод хоёр, гуравдугаарх учир шалтгааныг засаж залруулахад түвэгтэй ч нэгдүгээрхийг бол гарцаагүй анхаарахаас өөр замгүй. Наад зах нь манай улс сарлаг малын удмын санг хамгаалах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, үржил селекцийн ажлыг зөв төлөвлөж, нарийн зохион байгуулах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн алдаагаа одоо залруулах хэрэгтэй бус уу.
Социализмын үед сарлагийг зургаан хошуу малд оруулж, үржил селекцийн ажил болоод үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд бодлогоор анхаардаг байж. Гэтэл 1990-ээд оноос зургаан хошуу малд цаа буга, гахай, шувуу, тахиа, муур, нохой гэх мэт гэрийн тэжээвэр амьтдыг оруулсан хэрнээ сарлагийг орхигдуулсан нь хачирхалтай.
“Үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал юм чинь” гээд таван хошуу малд хамаатуулдаг атлаа Төрийн өмчийн цөм сүргийн үржлийн салбар нэгжүүд сарлагийг мөн л тоож авч хэлэлцдэггүй, орон нутагт нь хариуцуулдаг байна. Орон нутгийн өмчит цөм сүргийн үржлийн салбар нэгжийнхэн Алтайгаас, эсвэл Хөвсгөлөөс Архангай руу сарлагийн бух аваачиж, хээлтүүлэгт ашиглаж байна гэж та дуулсан уу. Сарлагийн тухайд зохиомол хээлтүүлгийн талаар бол бүр ч ярилтгүй юм билээ.
Учир нь Малын удмын сангийн үндэсний төвийн Генийн санд хадгалагдаж буй, мах, сүүний чиглэлийн үхрийн 67 мянга гаруй тун үрийн дунд сарлагийнх байдаггүй. Тэгэхээр ийм нөхцөлд монгол сарлаг давжаарах ч бүр бага хэрэг гэлтэй. Эрхбиш Монгол Улсад баталгаажсан 34 үүлдэр омгийн малын үрийг гүн хөлдөөгөөд, Малын удмын сангийн үндэсний төвд хадгалдгийн дунд сарлагийнх байдаг тулдаа бүрмөсөн устаж алга болох эрсдэл холуур өнгөрөх бололтой.
Сарлагийг бид яагаад ингэтлээ “гадуурхах” болсон юм бол. Ямар сайндаа л Архангайд амрахаар очсон хүүхдүүд сарлагийг анх харангуутаа “Ий, баавгай байна ш дээ” гээд үнхэлцэг хагартал айж байх вэ. “Энэ бол зүгээр л үхэр шүү дээ” гээд байхад л “Үхэр биш, үхэр чинь өөр байдаг” гээд уйлан дуугарсан хүүхэдтэй ч таарч байв. Сарлагийг тав болон зургаан хошуу малын төрөлд оруулдаггүй гэхээр үнэхээр баавгай ч юм шиг...
“Үржил селекцийнх нь асуудал орхигдсоноос болоод манай нутгийн сарлагийн бие давжаарч, ашиг шим нь багаслаа гэдэг асуудлыг ярьж хөөцөлддөг, асуудал болгож тавьдаг малчин ч, зоотехник ч алга. Жалга жалгандаа болоод байна гэж явсаар байгаад төрийн бодлогоос гээгдэх нь бий. 2008 оноос хойш л “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг жаахан анхаардаг болсон. Гэхдээ асуудлыг шат шатандаа өргөн хүрээнд гаргаж тавихгүй байгаа учраас үр дүнд хүрэхгүй байна” хэмээн Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон учирлав.
Монгол сарлагийн үүлдэр угсааг сайжруулахын тулд Хятад, Төвдөөс сайн чанарын бухны хөлдөөсөн үр авчиръя гэдэг саналаа төр, засагт дуулгахаар өөдөөс нь “Мөнгө төгрөггүй байна. Наад асуудлаа дараа бол” гэдэг гэнэ. Уг нь одоо байгаа сарлагийнхаа үүлдэр угсааг богино хугацаанд сайжруулъя гэвэл манай улсад 2000 тун үр байхад л хангалттай гэдгийг тэрбээр хэлсэн.
Нэг тун үрийг 5-15 ам.доллараар авах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг тун үрийг дунджаар 10 ам.доллараар худалдаж авлаа гэхэд 2000 тунд 50 орчим сая төгрөг зарцуулах нь. 700 гаруй мянган сарлагийн үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлье гэсэн сэтгэл, зүтгэл байвал тэгтлээ харамлаад байхаар мөнгө энэ уг нь биш л баймаар. Гэхдээ энд бас нэг асуудал бий.
Манай уламжлалт мал аж ахуйд үржил селекцийн бүртгэл гэдэг юм огт байдаггүй. Алатау үүлдрийн бухны үрээр иргэн Доржийн сарлагийг энэ жил зохиомлоор хээлтүүлсэн тухайгаа нарийвчилсан бүртгэлд оруулаад, дахиад өнөөх үрийг тэднийд хэзээ ч өгдөггүй нь эрчимжсэн мал аж ахуйн онцлог. Гэтэл хөдөөд яадаг билээ. Балдангийнх энэ жил Доржийн сарлагийн бухыг гуйж, үнээгээ хээлтүүллээ гэхэд хоёр жилийн дараа өнөөх “эцэг” өөрийн төлөө хээлтүүлэхгүй гэх баталгаа харин ч нэг байхгүй дээ.
Малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үржил селекцийн ажлыг голлон хийх учиртай зоотехникчид нь гэтэл үндсэн үүргээ умартаад, амар хялбараар нь малын эмч болчихоод буй. Энэ нь олон арван жилийн турш хязгаарлагдмал бүс нутагт идээшиж буй сарлагийн хувьд цус ойртох гол шалтгаан болдог. Тиймээс зоотехникчдээрээ үндсэн ажлыг нь хийлгэж, бүртгэл данс сайн хөтлүүлэхгүй л бол Төвдөөс хэчнээн мундаг үр авчирлаа гээд нэмэргүй гэсэн үг.