ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангиас энэ сарын 2-3-нд шилжих шөнийн 21.30 цагт гурван хоригдол оргосныг улс даяар эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Хоёр метр гаруй өндөр бетонон хашаатай, орчин үеийн дохиолол хамгаалалттай, чанга дэглэмтэй хорих ангиас гурван хоригдол оргож байхад харуул хамгаалалтын ажилтнууд, хорих ангийн удирдлагууд юу хийж байсан талаар болон тэднийг эрж хайх ажил хэрхэн үргэлжилж байгааг тодруулахаар ШШГЕГ-ыг зорилоо. 10.45 цаг Тус газрын томоохон албан тушаал эрхэлдэг эрхэмтэй эхлээд утсаар холбогдож мэдээлэл авах гэсэн боловч “Хоригдлуудыг барьж байж мэдээлэл өгнө” гээд утсаа таслав. Иймээс тус газар очтол жижүүр нь хэсэг хүлээлгэсний эцэст “Дарга хүнтэй уулзах боломжгүй байна гэнэ. Оргосон хоригдлуудын талаар мэдээлэл өгөх цаг нь болоогүй.
Тиймээс дараа ир. Ах нь яаж ийж байгаад оруулаад өгье” гэсэн хариу өглөө. Нийслэлийн цагдаагийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнд учир байдлаа тайлбарлахад “ШШГЕГ л энэ талын мэдээллийг өгөх ёстой юм. Болохгүй байгаа бол Цагдаагийн ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас тодруул. Манайд энэ талын мэдээлэл байхгүй байна” хэмээн ам таглав. Ийнхүү холбогдох байгууллагуудаар хэд хэдэн удаа очсон боловч “Мэдээлэл өгөх боломжгүй, энэ талаар манайх мэдээлэхгүй” гэсэн нэг хэвийн хариулт авсаар байсан юм. 13.50 Эрүүгийн цагдаагийн газрын цагдаа нар энэ хэрэг дээр голлон ажиллах учиртайг мэдэж байгаа тул дээрх газарт дахин очив. Тус газрын жижүүр “Энэ талын мэдээллийг өгөх хүн байхгүй. Манайх мэдээлэл хийхгүй” хэмээн давтав. Иргэд хүлээж авах хэсгийн сандал дээр түр амрахаар очтол зарлалын самбарт чанга дэглэмтэй хорих ангиас дураараа бултаж чадсан гурван хоригдлын зураг, товч намтар гээд бүх мэдээлэл байх нь тэр. Холбогдох байгууллагын том дарга нарын нууцлаад, сэтгүүлчдээс зугтаж, сүржигнээд байсан мэдээлэл ил байдаг байгаа.
Томоос том зураг бүхий товч намтраас хэрэгтэй зүйлээ бичиж авахаар үзэг, цаасаа гаргатал жижүүр цагдаа “Хайж байгаа хоригдлуудын хувийн нууц энд байгаа тул бичиж авч болохгүй” гээд зарлалын хуудсуудыг хурааж авав. Хоригдлуудын нэр, харьяалал гэх мэт ерөнхий мэдээллийг л авах гэж байгаагаа хэлтэл, даргаасаа зөвшөөрөл авахаар утас цохилоо. Хэсэг хугацааны дараа “Энэ мэдээллийг өгч болохгүй гэж байна” гээд цааш хийв. Зарлалын самбарт өдөржин өлгөөтэй байсан “Онц, хүнд гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна” гэсэн зарлалыг сэтгүүлчээс бусад хүн үзэж, унших эрхтэй бололтой. Цэрэг, цагдаагийн байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтнаас нуух, хаах нууцын зэрэглэлтэй зүйл байдаг л биз. Гэхдээ чанга дэглэмтэй хорих ангиас онц, хүнд гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд ямар ч хор учруулахаас буцахгүй ялтнууд оргосон мэдээллийг нуух хэрэг байна уу. Сэтгүүлчид бид цагдаагийн алба хаагчдын нэгэн адил иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг билээ. Онц, хүнд гэмт хэрэгтнүүд хорих ангиас оргож, замдаа хүн барьцаалж, хэчнээн хүний амь насанд заналхийлж, нийгэмд айдас төрүүлж, түгшээж байсан аймшигт хэргүүд мартагдаагүй байна.
Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага, алба хаагчид хэвлэл мэдээллийн салбарынхантай хамт ран ажиллаж, нийгэмд учруулж болох аюулаас сэргийлж, тэдний талаарх мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэж, сэрэмжлүүлснээр гарч болзошгүй аюулыг багасгах бололцоотой гэж бид бодож байна. Гаднын орнуудад хоригдол оргох тохиолдол цөөн гардаг ч, гарсан даруйд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хандан, гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болтол нь хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлж, мэдээлдэг юм билээ. Гэтэл манай шүүх, цагдаагийн байгууллагынханд сэтгүүлчдээс үнэн мөнийг нууж, далдалдаг сонин уламжлал байсаар байгаа нь дэндүү хачирхалтай. Сэтгүүлч бидний цагдаагийн албан тушаалтан, ШШГЕГ-ын дарга нараас хүссэн зүйл ердөө л энэ байлаа. Гэхдээ энэ мэдээллийг тэднээс бус зарлалын самбараас олж авсан юм.
“ШШГЕГ-ын харьяа Мааньтын 415 дугаар ангид ял эдэлж байсан К.Нурболот, Э.Лхагвадорж, Х.Түв шин төр нар бүлэглэн 2010 оны есдүгээр сарын 2-3 шилжих шөнийн 21.30 цагийн үед хорих ангийн хашааг давж, оргон зайлсан тул эрэн сурвалжилж байна. К.Нурболот нь 1988 оны гуравдугаар сарын 12-нд ДарханУул аймгийн Шарын голд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Өмнө нь хоёр удаа ял шийтгэл хүлээж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн өршөөлөөр сул лаг даж байсан нэгэн аж. Өршөөлийн хуулиар чөлөөнд гарсныхаа дараа бага насны охиныг хэрцгийгээр хүчиндэж, амь насыг нь хохироосон нэгэн бөгөөд 20 жилийн ял сонссон байсан аж. Э.Лхагвадорж 1991 оны гуравдугаар сарын 3-нд Хөвсгөл аймагт төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Дөрвөн удаагийн ял шийтгэл сонсож байсан бөгөөд хулгайн хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэгэн байжээ.
Х.Түвшинтөр Говьсүмбэр аймгийн харьяат, 1991 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн. Тэрбээр мөн Өршөөлийн хуульд хамрагдаж байсан бөгөөд өмнө нь хоёр удаа ял шийт гүүлж байжээ. Х.Түвшинтөр нь онц хэрцгий хүчин гийн хэрэг үйлдэж, хүний амь нас хөнөөсөн хэрэгт 24 жилийн ял эдэлж байсан юм байна. 14.25 Олон газраас нэг ижил хариу сонсох тусам “Энэ ялтнууд ямар аюултай болоод тэдний тухай мэдээллийг нуун дарагдуулаад байгаа юм бол” гэх бодол төрж, Эрүүгийн цагдаагийн газарт дахин очлоо. Бид тус газрын үүдээр орох үед жижүүр цагдаа нараас “Нөгөө гурав баригдсан.
Одоо постуудаа буулгая” гэх сэтгэл тайвшруулсан мэдээлэл сонссон юм. Тиймээс ШШГЕГ-ын дэд дарга Д.Даваа-Очир болон нэгэн албан тушаалтнаас зарим зүйлийг тодрууллаа.
-Оргодлуудын талаар яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?
-Хоригдол оргосон талаар мэдээллийг шууд цацвал ар гэрийнхэн болон бусад хүн нуух, далдлах магадлал өндөр байдаг. Тиймээс мэдээллийг нууцлах шаардлага зарим тохиолдолд гардаг. ШШГЕГ-ын тусгай бүлэг, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хамтран шуурхай ажиллаж 16 цаг эрж, хайсны эцэст оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг барьлаа. ДарханУул аймгийн харьяат 20 жилийн ялтай К.Нурболот, Хөвсгөл аймгийн харьяат гурван жилийн ялтай Э.Лхагвадорж, Говьсүмбэр аймгийн харьяат 24 жилийн ялтай Х.Түвшинтөр нарыг Багахангай дүүргийн Долдугаар зөрлөгийн Хоолтын даваа гэдэг газраас барьсан. Оргох замдаа ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд зэвсгийн төрлийн зүйлс биед нь байгаагүй.
-Одоо хоригдлуудыг хаана аваачих вэ. Оргосон гэмт хэрэгтнүүдэд ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?
-Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорино. Хорих ангиас оргон зайлсан тохиолдолд тав хүртэлх жилийн ял ногдуулдаг. Тэд оргосон, баригдсан нь үнэн. Ял нэмэгдэх нь ч үнэн.
-Хорих ангийн удирдлагууд гурвын гурван хүн хашаа даваад оргож байхад юу хийж байсан юм бол. Чанга дэглэмтэй хорих анги хэрнээ хамгаалалт тийм муу хэрэг үү?
-Тус ангийн хашаа дохиоллын системтэй, хоёр метр гаруй өндөр. Тэд оргох үедээ хамгаалалтын тусгай бүсийн дөрөвдүгээр хэсгийн дохиоллын системийг эвдсэн гэсэн. Ялтан Э.Лхагвадорж удаа дараа оргохыг завдаж байсан. Түүнийг хяналтдаа байлгахыг ангийн захирагчид нь сануулж байсан ч ийм хариуцлагагүй зүйл боллоо.
-Ангийн захирагчид нь ямар нэг хариуцлага тооцох уу?
-ШШГЕГ-ын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хариуцлага тооцох эсэхээ шийднэ. Чанга дэглэмтэй хорих ангиас оргосон гурван хоригдлыг Эрүүгийн цагдаагийн газрын хошууч М.Баатарчулуунаар ахлуулсан зургадугаар тасгийнхан болон ахмад Б.Ууганбаяраар ахлуулсан ШШГЕГ-ын тусгай багийнхан барьсан аж. Гэвч улсын хэмжээнд томоохонд тооцогддог чанга дэглэмтэй хорих ангиас хоригдол оргох нь сүүлийн үед хэвийн үзэгдэл мэт болжээ. Өнгөрсөн долдугаар сард Дарьтын хорих ангиас оргосон ялтанг цагдаагийн албан хаагчид Булган аймгийн нутгаас баривчилсан гэж байсан ч үнэн хэрэгтээ ялтан нь усанд осолдсон байсныг аялагчид олсон байсан юм. Тухайн үед ч мөн холбогдох байгууллагынхан мэдээллийг чандлан нууцалж байсныг санаж байна. Юутай ч ШШГЕГ болон цагдаагийнхан энэ удаад шуурхай ажиллаж, онц, ноцтой гэмт хэрэгтнүүдийг ямар нэг аюултай зүйл хийхээс урьтаж баривчилсан нь яамай даа.