Увс аймгийн Өмнөговь суманд алт олборлодог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн ажилтнууд болон орон нутгийн иргэдийн дунд үймээн дэгдэж, хүний амь хохирсон харамсалтай хэрэг өнгөрсөн сарын эхээр гарсан. Үймээнд оролцсон 20 гаруй хүнийг аймгийн цагдаагийн хэлтсийнхэн баривчлан, “Жи Си Си Айр” компанийн эд хөрөнгөд халдаж, бусдын биед гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурорт шилжүүллээ. БНХАУ-ын “Жи Си Си Айр” компани нь тус аймгийн гурван сумын иргэдийн ундны усны эх үүсвэр Орлого голын эхэнд үйл ажиллагаа явуулснаас голын ус бохирдож байгааг нутгийн иргэд эсэргүүцсэн юм.