БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах Ким Жөн Нам амь үрэгдсэнийг Малайзын эрх баригчид нотлов. Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч Куала-Лумпурын нисэх буудалд амьсгал хураасан хэмээн БНСУ болон Малайзын хэвлэлүүд мэдээлж байна. 45 настай түүний бие нисэх буудалд байхад муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан тул цогцост нь задлан шинжилгээ хийж байгаа ажээ.
БНСУ-ын телевизийн “Чосун” сувгийн мэдээлснээр, Ким Жөн Намыг хортой зүү ашиглан хороосон байж болзошгүй, түүнд халдсан хоёр эмэгтэй хэргийн газраас зугтсан гэнэ.
Ким Жөн Ирийн том хүү болох тэрбээр Умард Солонгосын удирдагчийн халааг авч болох хүмүүсийн жагсаалтад байсан. Гэвч 2001 онд хуурамч паспортаар Японд нэвтрэхийг оролдсон нь амжилтгүй болсны дараа эцэгтэйгээ харилцаа мууджээ. 2011 онд эцгээ таалал төгссөний дараа Ким Жөн Ун улсаа удирдах болсон билээ.
Сүүлийн жилүүдэд Ким Жөн Нам эх орондоо очоогүй, Хятадын Макаод голдуу амьдарч байсан гэнэ. Тэрбээр улс орондоо шинэчлэл хийх талыг баримтлагч гэдгээрээ алдартай байв. БНАСАУ-ын удирдагчийн албан тушаалыг залгамжлуулдгийг тэрбээр буруушаадгаа Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэж байсан юм.
Цөмийн хөтөлбөрөөсөө болж олон орны дарамт шахалтад орсон улсдаа байр сууриа бэхжүүлэхийг Ким Жөн Ун оролдож байгаа. 2013 онд түүний авга ах Чан Сон Тхэкюг төрийн эргэлт хийхийг оролдсон, авлига авсан хэрэгт буруушаан цаазалсан. Түүнтэй Ким Жөн Нам ойр дотно харилцаатай байсан гэдэг.
Үүний сацуу БНАСАУ-ын тусгай албаныхан удирдагчийнхаа ахыг сүүлийн таван жил ангуучилж байсан тухай БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал И Бён Хо парламентын гишүүдэд зориулсан хурлын үеэр мэдээлжээ. Ким Жөн Нам амь үрэгдсэний дараа БНАСАУ-д өндөр албан тушаал хашиж байсан дүрвэгсдийн хамгаалалтыг БНСУ чангатгасан байна.
Ким Жөн Нам 2012 онд дүү болох БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд бичсэн захидалдаа өөрөө ч, үр хүүхэд нь ч төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөхгүй, хилийн чанадад тайван амьдрахыг л хүсэж буйгаа илэрхийлсэн байжээ. Ким Жөн Намын хуучин эхнэр нь хүүгийн хамт Бээжинд, хоёр дахь эхнэр нь хоёр хүүхдийн хамт Макаод амьдардаг аж. Тэднийг Хятадын эрх баригчид хамгаалалтандаа аль хэдийнэ авчээ.