Гудамжны дээрэм тонуулыг зогсоож чаддаггүй юм гэхэд түүнд ноцтой цохилт өгнө гэж Дональд Трамп сонгуулийн өмнө амлаж байв. Түүний хэлснээр гэмт хэргийн олон бүлэг хууль бусаар орж ирсэн цагаачдаас бүрддэг бөгөөд цагаачлалын талаарх бодлогоо чангаруулж, цагдаагийн эрхийг нэмэгдүүлэхэд л энэ асуудал аяндаа шийдэгдэнэ гэж үзсэн.
Үүсэн бий болоод удсан бүлэг олон, тэд Америкийн цөөнгүй Ерөнхийлөгчийг тэсээд өнгөрсөн болохоор Трампыг ч мөн өнгөрөөчихнө гэсэн бодолтой байгаа. Тиймээс Трампын төлөвлөгөө биелнэ гэхэд түвэгтэй байж мэднэ. Дээрмийн бүлгүүдийн тоонд зард гарсан “Bloods” болон “Crips” багтдаг.
Ядуувтар гэр бүлээс гаралтай хар арьст хөвгүүд амжилт олох горьдлого тун муутай газрын нэг нь 1960-аад онд Лос-Анжелес байв. Ажилгүйдэл их, олигтой боловсрол олж авах боломжгүй, арьсны өнгөөр ялгаварлах үзэл зэрэг нь өнгөт арьст залуусыг гудамж руу түлхэн гаргаж, амьдрах орон зайныхаа төлөө тэмцэхээс аргагүй болгосон байна.
Гудамжны зодоонд гаршсан, дээрмийн жижиг бүлгийн толгойлогч, машин хулгайлсан хэргээр шоронд богино хугацаагаар ороод, гарч ирээд удаагүй байсан ахлах ангийн сурагч, 16 настай Стэнли Уильямс дээр 1969 оны хаврын нэг орой ер бусын зочид иржээ.
Уильямс (зүүн гараас) “Будда” хоёр
Лос-Анжелесийн залуучуудын дээрмийн бүлгийн тэргүүн Реймонд Вашингтон болон түүний нөхөд бусад бүлгийн эсрэг тэмцэлдээ хамтрахыг Уильямсад санал болгов. Вашингтон, Уильямс хоёр бие биенийхээ санаанд сүрхий нийцсэн аж. Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг дээрэмчдийн бүлгийн толгойлогч болох эртний хүслээ биелүүлэх боломж олдох нь хэмээн Уильямс ихээхэн баярлав. Дээрэмчдийн энэ холбоо “Crips” (Крипс) гэсэн нэр авчээ.
“Crips” Лос-Анжелесийн гудамжуудыг өөрийн мэдэлд байлгахыг гол зорилгоо болгов. Эдний гишүүдийн дотор “хар” хувьсгал хийхийг, арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэхийг мөрөөдөгч дэврүүн бодолтон байсан нь мэдээж ч тэнүүлч амьдралын хатуу ширүүнийг эдэлсэн Вашингтон, Уильямс нар л түүний өнгө төрхийг тодорхойлж байлаа.
“Crips” өөрийн байр суурийг өрсөлдөгчдөөсөө цэвэрлэн маш харгис догшин “ажиллаж” байв. Эдний гишүүд савхин хүрмийг өөрсдөө л өмсөж байх эрхтэй гэж үздэгээс ийм хувцастай явсан оюутан Роберт Бэллоуг хүрмээ тайлж өгөөгүйн төлөө үхтэл нь зодсон аж. 1972 оны зургадугаар сард “Crips”-ийн хэсэг гишүүн Лос-Анжелест хэн нь эзэн юм бэ гэдгийг харуулах үүднээс өрсөлдөгч “Bloods” бүлгийнхний нэгийг алж орхисноос тэдний хооронд дайн дэгджээ.
Эхний үед “Bloods”-ын нэг хүнд “Crips”-ийн гурван хүн ногдож, хүчээр давамгайлж байлаа. Тиймээс эрс хатуу чанга үйлдэл л “Bloods”-ыг аварч болох байсан тул “Хүн олзолж авахгүй” гэсэн уриа дэвшүүлж, боломжтой тохиолдол бүрийг ашиглан “Crips”-ийн гишүүдийг “шүд сугалах” тактикаар хороож, асар түрэмгий, хэрцгий авирлаж байв.
1973 оны хоёрдугаар сарын 27-нд Уильямсын баруун гар гэгддэг 16 настай “будда” хочит Кертис Морроу гудамжинд явж байгаад хэн нэгэнтэй жижиг маргаан үүсгэжээ. Тэр хүн нь “Bloods”-ийн гишүүн байсан бөгөөд маргаан хийсэн нь зориуд өдсөн явдал байлаа. Дэргэд нь хэсэг хүн хүлээж байгаад “Будда”-г цусанд нь хутгаж орхив. Морроу маш хэрцгий, алах талахыг юман чинээ боддоггүй, яаж ч мэдэх, зөвхөн Уильямсын үгэнд л ордог нэгэн байснаас “Grips”-ийн гишүүд түүнд дургүй, айдаг байв.
“Crips”-ийн гишүүд Уильямсын оршуулга дээр
Түүнийг оршуулахад олон хүн оролцож, бүгд толгойдоо “Будда” шиг цэнхэр өнгийн алчуур зангидсан байлаа. Үүнээс хойш цэнхэр жийнсэн өмд, савхин хүрэм, цэнхэр алчуур “Crips”-ийн бэлгэ тэмдэг болжээ. Тэгвэл “Bloods”-ууд улаан өнгийг сонгож авав. Уг бүлэглэлийн “загалмайлсан эцэг” гэгддэг Сильвестр Скотт, Бенсон Оуэнс нарын сурч байсан коллежийн байшин ийм өнгөтэй юмсанж.
Хоёр бүлгийн гишүүд биедээ тусгай шивээс хийлгэж, Лос-Анжелест байдаг латин-америкийн гэмт хэргийн бүлэглэлүүдийг гадуурхаж, охид нь ахмад гишүүдийн аль нэгэнтэй заавал энгэр зөрүүлдэг, хөвгүүд нь өрсөлдөгч бүлгүүдийн гишүүд рүү довтолж, эр зоригоо харуулах дэг баримталдаг байлаа. Хар арьстнууд илүү гэж харуулахын тулд суахили хэлний үг их хэрэглэнэ. Энэ хоёр бүлэг хүн алж, хүрээ талж, хулгайлсан зүйлсээ худалдаж, мансууруулах бодис арилжина.
Дээрэмчдийн амьдралд мансууруулах бодис онцгой үүрэг гүйцэтгэнэ. 1980-аад оноос өмнө энэ хоёр бүлэг ийм бизнес хийдэггүй байжээ. “Bloods” харгис хэрцгийнхээ хүчээр 10 гаруй жил тэссэн ч бүхий л талаар шахагдаж байлаа. Тиймээс тэсэж үлдэхийн эрхэнд 1983 онд кокаин (хар тамхи) худалдах ажилд татагдан орсон байна. Тэд алдсангүй.
Мөнгө ус мэт урсаж орж ирэх болсноор шинэ хүмүүс элсүүлж, төрийн ажилтан, цагдаа нарыг олноор “худалдан авч”, алдсан байр сууриа тэр дор нь эргүүлж авав. “Сrips” мансууруулах бодисын наймаанд хожуу орсон хэрнээ өөрийн гэсэн зах зээлтэй боллоо.
Хоёр бүлгийн өөр хоорондын тэмцэл нь Лос-Анжелес хотын хүрээнээс халив. Хоёул зах зээлийн эрэлд Америк орон даяар явах боллоо. Дээрэмчид, танхайчуудын шинэ шинэ бүлэг энд тэнд бий болж, өөрийнхөө нэр дээр “Crips”, “Bloods” гэсэн үг нэмж, өрсөлдөөний их дайнд шаламгайлан оров. Харилцан дайсагнах явдал зүүн эрэгт хүрч, харь арьст гэмт хэрэгтнүүдийн People’s Nation, Folk Nation гэх хоёр том холбоо Лос-Анжелесийн өрсөлдөгч бүлгүүдтэй харилцаа тогтоов. Хар тамхи мөнгө мэт цутгаж байсан болохоор өрсөлдөөн, тэмцлийг буу, гранатаар л шийдвэрлэх болсон байна.
Лос-Анжелесийн тус хоёр бүлэг Мексикийн хар тамхины “Синалоа” хэмээх байгууллагатай гэрээ байгуулснаар 1990-ээд онд зах зээл овоо тогтворжив. Гэрээ байгуулсан мексикчүүд бүтээгдэхүүнээ борлуулах найдвартай сүлжээтэй болсон бол “Crips, “Bloods” хоёр баталгаатай ханган нийлүүлэгчтэй болсон байна. Колумбын тариачдаас хар тамхины ургамлыг нэг кг-ийг нь 2000 орчим ам.доллароор авч Америкийн хил дээр авчрах үүргийг мексикчүүд хүлээв.
Мексикт нэг кг хар тамхи 10 мянган ам.долларын үнэтэй байдаг бол АНУ-д 30 мянган доллар хүрдэг аж. Бөөнөөр нь авдаг “Crips”, “Bloods”-ын хувьд нэг кг хар тамхины үнэ 17-25 мянган ам.долларын хооронд хэлбэлзэнэ. Нэг кг хар тамхийг жижиглэн худалдахад хамгийн багаар 100 мянган ам.доллар олно. Тэгвэл бүлгүүд олон арван тонныг борлуулдаг болохоор орлогын хэмжээ ямар байхыг төсөөлөхөд түвэгтэй биш.
Америкчууд арай л ёс суртахуунтай учраас хар тамхины наймаа хийгч өрсөлдөгчдийн тэмцэл олон арван хүний амь үрж төгсөх нь ховор. Мексикт бол цагдаа нар бүхэл бүтэн тосгоны бүх оршин суугчийг буудаж, толгойг нь хяргахаа юман чинээ боддоггүй. “Синалоа”-гийн толгойлогч “оготор” хочит Эль Чапо (саявтар баривчлагдсан) гудамжны дээрэмчдэд хүндэтгэлтэй ханддаг ч тэднийг хэтэрхий харгис хэрцгий авирлаж, бизнест хохирол учруулж байна гэж үздэг.
Удаа дараа хүчирхийлэл үйлдэх нь цагдаа нарын анхаарлыг татдаг гэж тэрбээр хэлдэг хэмээн “Синалоа”-д ажиллаж байсан Педро Черреро сэтгүүлч Кевин Дойчид ярьжээ. Эль Чапо аяга кофе уух зуурт дунджаар зургаан хүн алах үүрэг өгдгийг битгий мартаарай гэж нэмж хэлсэн байна. Энэхүү Эль Чапо гэгч этгээд “Crips”, “Bloods” хоёрыг биенээ алахыг дэндүү сонирхоод байна гэж хэлдэг байсан аж.
Сүүлийн үед “Синалоа”-гийн байдал наанатай, цаанатай болж буйгаас өрсөлдөгч бүлгүүд шинэ ханган нийлүүлэгч хайх болжээ. “Мара Сальватруча”, “Баррио-18” болон өөр хэд хэдэн өрсөлдөгч бүлэгтэй нүүр тулгараад харь арьст дээрэмчид өөрийн хүмүүсийн тасдсан толгойг бэлгэнд авахаас болгоомжлон, зөөлөрсөн байна.
Энд өгүүлээд байгаа Лос-Анжелесийн гэх хоёр бүлгийн анхны толгойлогчид нь хэдийнэ амиа алдсан ч тэдний үйл хэргийг үргэлжлүүлсээр байна. Стэнли Уильямс шоронд суугаад энэрэнгүй үзэлтэн, хүүхдийн зохиолч болсон ч 2005 онд цаазлуулжээ. Одоогийн байдлаар энэ хоёр бүлэг дор хаяж 30-35 мянган хүнтэй. Холбоотнуудыг нь оруулж тооцвол 100 мянга лавтай хүрнэ.
Бүлгийн бүрэлдэхүүнд хар арьстнууд төдийгүй латин америкчууд, хятадууд, цагаан арьстнууд орох болсон байна. Бүлгүүд орлогын байнгын эх үүсвэртэй, дайчдаа Америкийн армийн эгнээнд бэлтгэл сургууль хийлгэж байдаг болжээ. Өөрсдийн гавьяаг магтан дуулдаг “Crips”, “Bloods” гэдэг хамтлагтай болсон байна. Дээрэмчид өөрсдөө хамтлагийг бүрдүүлдэг бөгөөд зарим нь шоронд орж, зарим нь амь үрэгдэж байдгаас “дуучид” нь байнга солигддог аж. Америкийн Ерөнхийлөгч хэн байх нь тэдэнд огт хамаагүй, Обамагийн үед ч тэд өөрсдийгөө гудамжны эзэд гэж үзэж байсан, Трампын үед ч тийм л байх бодолтой.