Хоёр сарын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа тодорхой амжилтад хүргэж чадаагүй Өмнөд Курилийн талаарх нутаг дэвсгэрийн маргаанаа зохицуулах бодолтой буйгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нотолсныг “Japan Times” сонин мэдээллээ.
“70 жил нэг ч мм хөдлөөгүй асуудлыг хөдөлгөхийн тулд бид өнгөрснөө харж амьдралгүй, ирээдүй рүү чиглэсэн алхам хийх хэрэгтэй” гэж Шинзо Абэ Хойд газар нутгийн өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэжээ. 1855 оны хоёрдугаар сарын 7-нд Симодын энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Өмнөд Курил нь Токиогийн эзэмшилд шилжиж байсан аж. Энэ өдөрт япончууд онцгой ач холбогдол өгч, тэмдэглэдэг юм.
Дээрх сонинд мэдээлснээр, Дэлхийн II дайны сүүлчээр ЗХУ Өмнөд Курилийн арлуудыг эзэлснээс хойш Токио, Москвагийн хооронд найрамдлын гэрээ байгуулаагүй юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японд ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилсны дараа Ш.Абэ хойд нутаг дэвсгэрийн талаар ахиц дэвшил гаргаагүй гэсэн шүүмжлэлийн бай болсон ч Москвад эдийн засгийн тусламж санал болгосон зэрэг В.Путинд хэд хэдэн буулт хийсэн билээ.
Абэгийн хэлснээр, ойрын хугацаанд Өмнөд Курилийн талаар эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх асуудлыг судлах тусгай бүлэг ажлаа эхэлнэ. Энэ талаар тус хоёр улсын удирдагчид тохиролцсон юм.
Маргаантай арлуудын хуучин оршин суугчдын хувьд цаг хугацаа хараахан зогсоогүй байна. Тэдний дундаж нас өдгөө 81 болжээ. Хойд газар нутгийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцсон шилжин суурьшигчид асуудлыг нь шийдэх гэсэн эрх баригчдынхаа оролдлогыг сайшаасан ч дээд хэмжээний уулзалтын үр дүн гайхлыг нь төрүүлснийг нуугаагүй аж.
“Хэлэлцээнд их найдаж байсан. Харамсалтай нь асуудлыг шийдэх төлөвлөгөө боловсруулж чадаагүй. Эдийн засгийн хамтарсан төслүүд нутаг дэвсгэрийн маргааныг дуусгана хэмээн найдаж байна” гэж Кунашир аралд төрсөн Кимио Ваки ярьжээ.