Мөргөлдөөний бүсүүдээс Европт харгалзах хүнгүйгээр ирсэн дүрвэгч хүүхдүүдээр “Исламын улс” зэрэг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд хүрээгээ тэлж болзошгүйг Их Британийн судалгааны “Quilliam Foundation” төв анхааруулжээ. Тус төвийн шинжээчдийн нотолж буйгаар, Европт элсүүлсэн шинэ гишүүдээ татахад “Исламын улс” бүлэглэл их зардал гаргаж байна.
Үүний сацуу Их Британид харгалзах хүнгүйгээр ирсэн, 18 хүртэлх насны хүүхдүүдийг асардаг газруудаас жил бүр хэдэн зуун хүүхэд алга болдог тухай шинжээчдийн илтгэлд дурджээ. Ирэх тавдугаар сард батлахаар төлөвлөсөн Засгийн газрын шинэ стратегийг боловсруулахдаа ийм асуудлуудыг тусгасан гэнэ.
Аргаа барсан хүүхдүүдэд хүнс тараах, Европын аль нэг орон руу гарах замын зардал өгөх зэрэг эд материалын тусламж үзүүлэх аргаар террорист байгууллагуудад шинэ гишүүн элсүүлж байна. Европ хүрэх замд тэднийг сэнхрүүлдэг учир Их Британид ирсэн хүүхдүүд хэдэн зуугаараа хараа хяналтаас гэнэт зугтан гардаг гэнэ. Зарим нь айсандаа зугтдаг. Бусад нь хүний наймаа, бэлгийн болон эдийн засгийн мөлжлөгийн хохирогч болдог байна.
Зөвхөн 2015 оны 1-9 дүгээр сард 340 гаруй хүүхэд сураггүй алга болсноос оны эцсээр 132-ынх нь талаар ямар ч мэдээлэл олдоогүй гэнэ. Их Британийн Засгийн газар харгалзах хүнгүй дүрвэгч хүүхдүүдэд туслах, тэднийг хамгаалахад чиглэсэн стратегидаа үрчлүүлэх замаар хөгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгажээ.
Тэрчлэн асрах газраас алга болж буй хүүхдүүдийг хүний наймааны золиос болохоос хамгаалах, хараа хяналтгүй хүүхдийн тоог цөөрүүлэх, орон байрыг өргөжүүлэх саналуудыг уг баримт бичигт тусгасан байна.