Тимошенко 2016 оны хоёрдугаар сард АНУ-д айлчлах үеэрээ Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко сүүлийн өдрүүдэд улсынхаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гол хүн байх болов. Тэрбээр АНУ-д айлчлах үеэрээ шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай богино хугацаагаар ч болов уулзаж амжсан нь үүнд гол нөлөө үзүүлж байна.
Энэ уулзалт хэрхэн тохиосон хийгээд түүний улс төрийн үр дагавар ямар байх бол?
2014 оны өвөл болсон төрийн эргэлтийн дүнд Украины улс төрийн тавцан дээр дахин гарч ирснийхээ дараа Юлия Тимошенко АНУ-д янз бүрийн зорилгоор нэг бус удаа очиж байсан. Эхнийх нь 2015 оны зун тохиосон бөгөөд тун нууцлаг байдалтай болсон юм. Дээд Радагийн ардын депутат Сергей Лещенко уг айлчлалын тухай нэлээд сүүлд мэдээлж байв. Түүний үгээр бол Тимошенко тэгэхэд хоёр дахиа хүчин чармайлт гаргаж байж Вашингтонд хөл тавьсан аж. Депутатын ярьснаас үзвэл Тимошенкогийн тэр айлчлалын түвшин Сенат, Конгрессын гишүүдээр хязгаарлагдсан байна. Хатагтай Юлиягийн эхний айлчлалын үр дүнг сэтгэл тайтгаруулахаар юмгүй гэж дүгнэсэн мөнөөх Лещенко өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар Тимошенко АНУ-д шинэ пиарчдыг хөлсөлж авсан гэж хожим нь мэдэгдсэн гэнэ.
Ямар ч байлаа гэсэн “Батькивщина”-гийн тэргүүний далайн чанадад хийсэн дараагийн айлчлалыг огт өөрөөр зохион байгуулжээ. Энэ айлчлал 2016 оны хоёрдугаар сард болсон аж. 2014-2016 онд Украины улс төрийн амьдралд дорвитой үүрэг гүйцэтгэсэн Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд, Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Жон Маккейн нар тэгэхэд Юлиятай уулзсан байна. Америкийн улстөрчдийн хоёрдугаар эгнээнийхэн болон янз бүрийн байгууллагын шинжээчидтэй бас олон уулзалт хийжээ. Энэ удаад Тимошенко Вашингтонд тодорхой ойлголтод хүрч, дэмжлэг авсан гэж олон шинжээч дүгнэсэн аж.
АНУ-д саяхны хийсэн “ажлын айчлалыг” нь “Батькивщина”-гийн хэвлэлийн алба бүхий л арга хэлбэрээр сурталчлав. Нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 4-нд хийх айлчлалыг зарлахдаа “АНУ-ын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын төлөөлөл болон улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын тэргүүлэх шинжээчидтэй уулзах” гэж зорилгыг нь тодорхойлсон байлаа. Энх амгалан байдал тогтоох, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сэргээх, Европ тив хийгээд дэлхий дахины аюулгүй байдлыг сахих стратегийн бүрэлдэхүүн хэсэг болох улс төр, эдийн засгийн байдлыг тогтворжуулах зэрэг Украины үндэсний эрх ашигт хамаарах тулгамдсан асуудлаар Тимошенког яриа хэлэлцээр хийнэ хэмээн онцолж байв. Сонирхолтой нь Украины одоогийн Ерөнхийлөгчийн заналт дайсан, сөрөг хүчний тэргүүлэх улстөрч маань Порошенког өөрийг нь төдийлөн таатай хүлээж авдаггүй хүмүүсийн дунд таван өдрийг өнгөрөөх байлаа. Бодит байдал төсөөлж байснаас хамаагүй халиад явчихжээ.
Тимошенко хоёрдугаар сарын 2-нд Үндэсний мөргөлийн өдөрт зориулсан өглөөний цайны үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, 20 минут ярьж хөөрсөн байна. Украинд ихээхэн найртай хандаж байсан Ерөнхийлөгч асан Обама ч Порошенкотой нь ийм хугацаагаар ганцаарчлан уулзаж байсан ч юм уу, бүү мэд. “Тэр арга хэмжээний үеэр хэнтэй ч 20 минут уулзах боломжгүй байдаг. Хэн нэгэнтэй 3-4 минутаас илүү хугацаагаар Ерөнхийлөгч саатах зав чөлөө олдохгүй” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн алба тэр даруйд нь байр сууриа илэрхийлэв.
Тимошенко, Трамп хоёр уулзсанд эргэлзэх юм байхгүй, гагцхүү юу ярив, Америкийн удирдагч Украины улстөрчид хэдий хэр хугацаа зарцуулав гэдэг нь л анхаарал татна. Америкийн Ерөнхийлөгч, “Батькивщина” намын дарга хоёр богино хугацааны уулзалт хийсэн гэж нөлөө бүхий “The Washington рost” сонин мэдээлжээ. Украины аюулгүй байдал хангагдаагүй нөхцөлд Оросын эсрэг тавьсан хоригоо цуцлахгүй гэж Тимошенкод Трамп хэлсэн гэж төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон нэг хүн хэлсэн гэж тус сонин эш татсан байна. Гэхдээ энэ ярианы талаар хэн ч ямар ч баталгаа өгөөгүй гэж тайлбарлажээ.
Тимошенко Трамптай ч, Дэд ерөнхийлөгч Маик Пенстэй ч уулзсаныг нэрийг нь нууцалсан гурван хүн нотолсон гэж Вашингтоны “Politico” сонинд мэдээлсэн аж. Уулзалт үнэхээр богино хугацаагаар үргэлжилсэн бөгөөд Тимошенко нь албан ёсны төлөөлөл биш учраас түүнтэй ямар нэг тохиролцоо хийх боломжгүй тул “хоосон” уулзалт болсон гэж тус сонин нотолсон байна.
Хатагтай Тимошенкогийн талынхан уг уулзалт хувийн шинж чанартай байсан болохоор түүний нарийн ширийнийг нээж болохгүй. Тимошенко өөрөө Киевт очсон хойноо хэлэх юм аа хэлнэ гэцгээж байжээ. Гэтэл лообий хийдэг “BGR рublic relations” компанийн захирал Жефф Бирнбаумын хэлсэн үг “Батькивщина” намын дотор бий болоод байсан баяр баясгаланг унтрааж орхисон аж. “Тимошенко ядаж гар барьчихын тулд түр боловч саатуулчих боломж хүлээн, бие засах газрын хажуугийн хонгилд Трампыг харуулдаж байснаас биш уулзаж, ярьж хөөрсөн юм ер байхгүй. Ерөнхийлөгч олон хүнтэй гар барьсны дотор хатагтай Тимошенко байсан” гэж тэр ярьсныг Өрнөдийн болоод Украины хэвлэл өргөн тусгасан байна. Тэгэхдээ “BGR рublic relations” нь чухал тоглогч бөгөөд Ерөнхийлөгч нь удирддаг Украины реформын Үндэсний зөвлөлд “зөвлөх үйлчилгээ” өндөр үнээр өгдөг болохыг санаж байх нь зүйтэй юм. Тийм болохоор хүнд байдалд Порошенкод туслах боломжийг алддаггүй аж. Америкийн лообийчны өгөөшийг Украины Төрийн тэргүүний хань хамсаатнууд шүүрээд авалгүй яах вэ дээ.
Украины Ерөнхий сайд асан, хатагтай өөрөө Трамптай уулзаж ярилцсан тухайгаа Дээд Радагийн удирдлагын зөвлөлдөх Зөвлөл дээр ч, хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийхдээ ч, улс төрийн ток шоуны үеэр ч илт бахархангуйгаар ярьж гарсан байна. Түүний ярианы гол агуулгаас үзвэл “Юу болж байгааг Трамп маш сайн ойлгож буй бөгөөд Украиныг бүрэн дэмжихээ Тимошенкод илэрхийлсэн” аж. Вашингтонд болсон уулзалтын үеэр Украинд зэвсэг нийлүүлэх болон Орост тавьсан хоригоо чангаруулах асуудлыг хөндсөн гэж Тимошенкогийн үгнээс ойлгож болохоор байгаа юм. Гурван жилийн хугацаанд энэ хориг тэднийг (оросуудыг) ухрааж чадахгүй бол түүнийг чангаруулах нь зайлшгүй болох гэнэ
Тимошенко одоогийн “мэргэжлийн бус, авлигад автсан” сайд нарын танхимыг огцруулах асуудлыг санаачилж, даруй хэрэгжүүлэхийг Парламентаас шаарджээ. Уг нь бол Владимир Гройсманы тэргүүлсэн Украины одоогийн Засгийн газар дөрөвдүгээр сар хүртэл огцрохгүй байх дархлаатай юм. Ерөнхий сайдыг “боловсролгүй”, нийгэм, эдийн засгийн асуудлаар ямар ч зүг чиг байхгүй, эрх баригчдад дөрлүүлсэн, тэдэнд үйлчилсэн хүн” гэж Тимошенко үзэж байна.
“Америкийн төрийн нөлөө бүхий хүмүүстэй” уулзаж, яриа хөөрөө хийсэн нь үнэн бол Порошенкогийн эмзэг газарт нь Тимошенко хүнд цохилт өгсөнд эргэлзэх юмгүй. Тэгээд ч Трамп Порошенкод хэрхэн хандах нь одоо тун тодорхойгүй, ихээхэн бүрхэг байгаа юм. Украины Ерөнхийлөгчийн холбоотнууд, түүний дотор Вашингтонд суугаа Элчин сайд Валерий Чалый “Тимошенкогийн уулзалтын талаар дуулмагцаа муужрахад дөхсөн” гэж хэвлэлүүд мэдээлсэн нь санамсаргүй юм биш. Бүхэлд нь авч үзвэл энэ нь “Батькивщина”-гийн тэргүүний хувьд сэтгэл зүйн томоохон ялалт юм.
Тэгэхдээ Украины Ерөнхий сайд асан хатагтай нэг жилийн өмнө Вашингтоноос буцаж ирэхдээ “хөл нь газар хүрэхгүй” байсан ч хэдэн өдөр нижгэнэсэн сурталчилгаа хийгээд сураг алдарсан билээ. Стратегийн үүднээс үзвэл Тимошенко тусгайлсан нэг тулаанд л ялсан болохоос 2019 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх дайнд ялахад их хол байна. Гэлээ ч улс төрчийн хувьд байр суурь нь Вашингтон руу хийсэн аяллаас хойш бэхэжсэн нь мэдээж.
2009 онд байгалийн хийн асуудлаар Оростой гэрээ байгуулснаас нь хойш Тимошенког Оросын эрх ашгийг хамгаалагч гол хүн гэж тодорхой хүрээллийнхэн үзэх болоод буй. Сая АНУ-д хийсэн айлчлалыг нь ч үүнтэй холбон тайлбарлаж байна. 2019 он ойртох тусам энэ сэдвийг улам бүр ашиглах нь мэдээж, Ерөнхийлөгчийн төлөөх тэмцэлд ийм “чиргүүлтэйгээр” хол явах ч үгүй биз. Тийм ч учраас “Батькивщина”-гийн тэргүүн одоо Оросын эсрэг мэдэгдэл хийгээд байх болсон.
Энэ бол таамаглал төдий юм. Ялангуяа АНУ-д очсонынхоо дараа Украины улстөрчдийн толгойд ямар бодол төрж буйг ойлгох боломжгүй юм. Харин улс төрд жин дарах хүмүүс нь хэдийнэ тооцооноос хасчихаад байгаа Тимошенко Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоно гэдгийг эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хэлчихэж болох болов уу. Тимошенко өөрийгөө одоогийн Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч гэж үзэж буй бөгөөд Порошенкотой эцсийн хүчээ шавхан тулалдах нь тодорхой.