Дональд Трампын засаг захиргаа Сирийн мөргөлдөөнийг Владимир Путинээр шийдүүлэхэд бэлэн байгааг Цагаан ордноос өгч буй мэдээлэл, үйл ажиллагаа илтгэж байна хэмээн “Asia times” сонинд бичжээ. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч “Исламын улс” бүлэглэлийг устгасан ч Сирийг сэргээн босгох мөнгийг хаанаас олох вэ гэсэн хүнд асуудлыг шийдэх хэрэгтэй болох юм. Балгас болсон улсыг сэргээн босгоход нэг их наяд орчим доллар шаардагдана. Одоо өдөрт гурван сая долларыг Сирийн ажиллагаанд зарцуулж буйгаас үзвэл Москвад тийм их мөнгө байхгүй.
Башар Асад төрийн эрхэнд үлдэж, Иран Д.Трамптай сөргөлдвөл Персийн булангийн орнууд Сирийг сэргээн босгоход туслахгүй. Нөгөө талаар эдийн засгийн хөнгөлөлт үзүүлбэл Хятад улс БРИКС-ийн гишүүн бусад улсын хамт Сирийн зардлын үлэмж хувийг гаргахад бэлэн гэнэ.
Нийтлэлийг бичсэн Сами Мубайедын үзэж буйгаар, В.Путин Сирийг сэргээн босгоход БРИКС-ын орнуудыг тусална хэмээн найдаж байгаа. Тэдний зарим нь Сирийн талтай ажил хэргийн холбоо тогтоогоод эхэлжээ. Тухайлбал, Энэтхэг улс өнгөрсөн зунаас 320 сая долларын өртөгтэй Сирийн цахилгаан станцын барилгын ажлыг эхэлж, Хам хот дахь төмөрлөгийн үйлдвэрийг шинэчлээд дууссан гэнэ. Харин Хятад улс Сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр шийдэхийг эрмэлзэж буй аж. Бээжин Сири рүү Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон тусгай зөвлөхүүдээ илгээж, мэргэн буучийн винтов, тийрэлтэт гар бөмбөг харвагч нийлүүлсэн тухай Хятадын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Өөрийг нь хүлээн зөвшөөрч, Элчин сайдаа илгээсэн Арабын анхны улсуудын нэг Сиритэй БНХАУ 1956 онд харилцаа тогтоожээ. Сирид дайн дэгдэх үед худалдааны түншийн хувиар Хятад улс ОХУ-ыг гүйцэж түрүүлж байсан гэнэ. Тодруулбал, Бээжин Сирийн нефтийн үйлдвэрлэлд идэвхтэй хөрөнгө оруулсан билээ.
Тийм болохоор сэргээн босгох ажлын бялууны нэлээд том хэсгийг авах боломж Хятадад бий. Гэхдээ бялууг мэдээжийн хэрэг Оросын Ерөнхийлөгч В.Путин хуваана хэмээн нийтлэлд тэмдэглэжээ.