Албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг дэмжсэн жагсаал тус улсын нийслэлд болж, түүнд 1.3 сая хүн оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээллээ. Тайван болсон жагсаалд оролцогчид Өмнөд Солонгос болон АНУ-ын далбааг намируулж, “Пак Гын Хэг тайван байлга”, “Итгэл үл үзүүлэх шийдвэрийг цуцал”, “Чөтгөр шулам ангуучлахаа зогсоо” хэмээн уриалсан зурагт хуудас барьсан байв.
Өнгөрсөн онд сэтгүүлчид нь нууц баримт бичиг, тухайлбал, Ерөнхийлөгчийн хэлэх үгийн ноорог бүхий компьютер олсон телевизийн JTBC сувгийг хаахыг шаардсан зурагт хуудсыг олон жагсагч барьсан байжээ.
Улс төрийн эмх замбараагүй байдал нийгмийн бүх давхаргад, тухайлбал, эдийн засагт сөргөөр нөлөөлж буйд жагсагчид дургүйцэж байна. Тэдний хэлснээр, өнгөрсөн онд дуулиан эхэлснээс хойш тус улсад юмны үнэ эрс өссөн гэнэ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг найз бүсгүйдээ төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж олгож, түүнд чухал, нууц баримт бичгүүд, тэдгээрийн дотор хэлэх үгийн эхээ өгч, засвар хийхийг зөвшөөрсөн, тэгснээрээ БНСУ-ын улс төр, эдийн засгийн бодлогод шууд нөлөөлсөн хэмээн сэжиглэсэн. Тэрчлэн төрийн албанд ямар ч холбоогүй хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын боловсон хүчний томилгоо болон ажилд хөндлөнгөөс оролцсон хэмээн мэдээлж байв.
Пак Гын Хэгийн найз өөрийн мэдлийн санд хэдэн сая доллар шилжүүлүүлэхээр томоохон компаниудад дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд тус улсын парламентын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үл үзүүлж, эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Тус улсын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчдөө итгэл үл үзүүлсэн шийдвэрийг дэмжиж буй, эсэх шийдвэрээ ирэх гуравдугаар сарын 13-ны дотор гаргах ёстой. Хэрэв түүнийг огцруулах шийдвэр гарвал Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө буюу 4-5 дугаар сард болно. Огцруулахгүй байх шийдвэр гарвал сонгууль хугацаандаа буюу ирэх арванхоёрдугаар сард болох юм.