АНУ-ын Ерөнхийлөгч нараас Дональд Трамп шиг олны анхаарал татаж, хэл амны бай болж байсныг нь санахгүй юм. Тэрбээр Америкт олон зуу, мянгаараа байдаг бизнесмэний л нэг байхдаа хэний ч анхаарлыг татаж байгаагүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцох сураг сонсогдсоноос хойш сонины хуудас, телевизийн дэлгэцнээс салаагүй төдийгүй хүмүүсийн аманд ч хүлхэгдсээр өдий хүрэв.
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хоёр долоо хонолоо. Сонгуулийн сурталчилгааны үед амласнаа хэрэгжүүлэх ажилд нэлээд шуурхай оров. Харин түүний шийдвэрүүд эхнээсээ л хүмүүсийн гайхлыг төрүүлж, эсэргүүцэл, тэмцэлтэй ч тулгарч байна.
Халаагаа өгсөн Ерөнхийлөгч Барак Обама эрүүл мэндийн даатгалын тогтолцоондоо нэгэн томоохон өөрчлөлт хийх гэж зорьсон нь бага, дунд орлоготой иргэд эрүүл мэндийн байдлаасаа үл хамааран үнэгүй үйлчилгээ авах боломж олгосон “Obamacare” байв. Үүнийг бүгд найрамдахчууд олон хүний зардлыг улс хариуцаж, социализмыг дуурайх нь хэмээн эсэргүүцсээр ирснийг Дональд Трамп хэрэгжүүлж, уг хуулийг хүчингүй болгох зарлигт тангараг өргөснийхөө маргааш нь гарын үсэг зурлаа.
Трампын гарын үсэг зурсан гурав дахь шийдвэр нь Мексиктэй залгаа хил дээр хана босгох тухай байв. Үүнийгээ тэрбээр АНУ-ын аюулгүй байдлыг хангах, хилээ хамгаалах, алан хядагчдыг нэвтрүүлэхгүй байх зорилготой гэж тайлбарлаж буй.
Канадаас Америк руу нефть дамжуулах “Keytone XL” хоолой барих ажлыг Трампын шийдвэрээр үргэлжлүүлэх боллоо. Барак Обама санаачилсан “Номхон далай дамнасан түншлэлийн гэрээ”-нээс үзэгний ганцхан хөдөлгөөнөөр Трамп АНУ-ыг гаргасан юм. Мөн хилийн чанад дахь Тагнуулын ерөнхий газрын нууц шоронгуудын үйл ажиллагааг сэргээх, Хууль бус цагаачдыг орогнуулж, ажил олгож буй хотуудын төсвийг хасах зарлиг гаргав. Трамп жижиг бизнес эрхлэгчидтэй уулзахдаа одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн 75 хувийг цуцална гэж хэлсэн юм. Тэгээд энэ талаарх зарлигт гарын үсэг зурлаа. Үүнийгээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгдсэн. Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд татварын тогтолцоог боловсронгуй болгож, татварыг бууруулахаа тэр амласан юм.
Дональд Трампыг хэл аманд өртүүлж, түүгээр ч барахгүй түүнийг Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх чадвартай, эсэхийг нь цэгнэхэд хүргэж буй зарим шийдвэрийн талаар тодруулж өгүүлье.
Тангараг өргөөд яг долоо хоног дээрээ Дональд Трамп гаднын алан хядагчдаас улс орноо хамгаалахад чиглэсэн зарлигт гарын үсэг зурав. Иран, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан улсын иргэдийг АНУ руу нэвтрэхийг 90 хоногоор хориглосон нь уг шийдвэрийн гол заалт гэж хэлж болно. Энэ тушаал ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Трамп уг шийдвэрт баасан гаригийн 16.52 цагт гарын үсэг зурсан бөгөөд үүнээс хэдэн цагийн дараа түүнийг хэвлэлд нийтэлсэн байна. Тэгээд дээр дурдсан долоон орноос АНУ-д ирсэн хүмүүсийг нисэх онгоцны буудал дээр саатуулж эхлэв. Шийдвэрийн үг, өгүүлбэр тодорхой бус, хэрэгжүүлэх талаар ойлгомжтой заавар байхгүй байсан нь замбараагүй байдал бий болоход нөлөөлөв. Ерөнхийлөгчийн зарлиг АНУ-д байнга оршин сууж буй хүмүүст хамаарахгүй гэж Дотоод аюулгүй байдлын яам нь эхлээд мэдэгдсэний дараа уг шийдвэр ийм хүмүүст ч үйлчилнэ хэмээн тодруулсан. Гэтэл Цагаан ордны Тамгын газрын дарга Райнс Прибус ногоон карттай хүмүүст ч энэ шийдвэр хамаарна гэж ням гаригт мэдэгдэв.
Ийм тодорхой бус байдлын улмаас давхар иргэншлийн асуудал ч хөндөгдлөө. Тухайлбал, Ойрхи Дорнодын дээрх долоон орны паспорт бүхий Европын холбооны орнуудын иргэдийг мөн Америк руу нэвтрэхийг нь хориглочихов. Ираны уугуул, Бундестагийн депутат Омид Нурипур үүнд өртсөн байна. Тэгсэн хэрнээ хоёр паспорттай Канадын иргэдэд шинэ журам үйлчлэхгүй гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майкл Флинн хэлсэн гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нүүр номондоо бичсэн байв. Нью-Йоркийн нисэх онгоцны буудал дээр хамгийн түрүүнд саатуулагдсан хүмүүсийн дунд Иракт байдаг Америкийн агаарын десантын 101 дүгээр дивизийн хэлмэрч Хамид Дарвиш байжээ.
Бий болоод буй эмх замбараагүй байдлыг Трампын баг шинэ ажилдаа дадаагүй, бэлтгэл муутай байсантай холбоотой гэж үзэж болно. Цагаан ордон хийгээд яамдын хооронд ажлын уялдаа холбоо байхгүй байгаа нь ч илт байна. Мэргэжлийн байгууллагынхны үгээр бол Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрийг боловсруулахад Хууль зүйн болон Аюулгүй байдлыг хамгаалах яамд нь оролцоогүй аж. Түүгээр ч барахгүй шинэ бодлогыг хэрэгжүүлэх үүргийг Ерөнхийлөгчийг уг шийдвэрт гарын үсэг зурж байх мөчид Гаалийн болон хилийн хяналтын алба, Иргэншил, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн албадад утсаар өгсөн гэж “New York times” сонинд бичсэн байна.
Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Стивен Бэнноны үүрэг, нөлөө их байна гэж олон шинжээч үзэж байгаа аж. Энэ хүн лалын шашинтнуудыг АНУ руу нэвтрүүлэхийг хориглохын төлөө тэмцэгч юм. Түүний байр суурь Цагаан ордонд сүрхий бэхжиж буй бололтой. Дональд Трамп Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, Үндэсний тагнуулын газрын захирал хоёрыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргаж, Бэннон, Цагаан ордны төлөөлөгч Прибус хоёрыг түүнд оруулах шийдвэр гаргалаа. Байдлаас ажихад Америкийн Төрийн шинэ тэргүүн шийдвэр гаргахдаа нэгэн санаат цөөн хүнтэйгээ зөвлөлдөн, төрийн аппаратдаа итгэхгүй, харин ч түүнийг сөрөг хүчиндээ нааштай хандаж буй хэмээн хардаж байгаа бололтой. Тэгвэл аливаа томоохон санаачилгыг хэрэгжүүлэхэд төрийн аппараттайгаа гар нийлсэн ажиллагаатай, өөрийн намын дэмжлэгийг авсан, Конгресстойгоо нягт харилцаатай, сонгогчдынхоо талархал хүлээсэн байх нь чухал байдаг.
Гадаад бодлого нь тухайн засаг захиргааны онцгой эрх байдаг юм. Иймд Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлахаас аваад стратегийн давшилтын зэвсэглэлийн асуудлаар шинэ хэлэлцээр байгуулах хүртэл, хил дээр хана босгохоос эхлээд Хятадтай худалдааны дайн хийхдээ тултал Трамп үйл ажиллагаагаа нарийн чанд төлөвлөх, үр дүнг нь сайн тооцох, дотооддоо тохиролцоонд хүрч ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Цагаачлалын асуудлаарх Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг нь Хууль зүйн яам шүүх дээр хамгаалахгүй гэж мэдэгдсэн Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч, хатагтай Салли Йейтсийг ажлаас нь халлаа. Цагаачлалын асуудлаарх шинэ Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа Ерөнхийлөгч асан Барак Обама ч илэрхийлсэн. Сүүлийн үеийн мэдээллээр бол лалын шашинт долоон орны иргэдийг АНУ руу нэвтрүүлэхийг тодорхой хугацаагаар хориглосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг түр зогсоох шийдвэрийг энэ сарын 4-нд шүүхээс гаргасан байна.
12 улсыг багтаасан худалдааны хэлэлцээр буюу “Номхон далай дамнасан түншлэлийн гэрээ”-гээр Азийн орнуудыг АНУ хяналтдаа байлгах нь гэж буруутгадаг улс олон байдаг. Арван жил шахам хугацаанд хаалттай нөхцөлд явуулсан яриа хөөрөөний дүнд дэлхийн эдийн засгийн түүхэн дэх хамгийн амбийцтай гэж хэлж болох гадаад худалдааны энэ гэрээг байгуулсан юм. Дэлхийн эдийн засгийн 40 хувь, гадаад худалдааны гуравны нэгийг хамарсан үйл ажиллагаа ийнхүү хэрэгжих шатандаа орж байв.
Түүнд оролцогч орнууд Гэрээг парламентаараа баталгаажуулах л үлдээд байтал Америкт Ерөнхийлөгчийн сонгууль болж, түүнд ялалт байгуулсан хүн арван жилийн хүчин чармайлтыг нэг л өдөр үр дүнгүй болгож орхив. Нийтдээ 18 мянган төрлийн импортын тарифыг нэгмөсөн тэглэх юм уу багасгах байлаа. Энэ түншлэлийг 500 сая хүнтэй Европын холбоотой зүйрлэж байсан юм. Хоорондоо маш их ялгаатай ийм олон орон, өргөн цар хүрээтэй гэрээнд нэгдсэн нь том амжилт гэж үзэж байсан ч хэрэгжиж эхлээгүй байсан болохоор түүнийг зогсоох тухай Трампын шийдвэр одоо тодорхой нөлөө үзүүлэхгүй.
Гэхдээ л Трампын худалдааны бодлого АНУ-ын эдийн засагт дэмжлэг болохгүй гэж шинжээчид үзэж, олон хүн түүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Худалдаанд Трампын баримтлах бодлого АНУ-ын эдийн засгийг хямралд оруулж, хөрөнгийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, санхүүгийн ноцтой хямралд хүргэх магадлалтай хэмээн эдийн засагчид болгоомжилж байна.
Трампын худалдааны бодлогод сэтгэл зовж буйгаа Азиас Өмнөд Солонгос нэлээд шаргуу илэрхийлж байна. Хамгийн гол нь гадаадын бараа Америкийн зах зээлд хүрэхэд хязгаар тогтоох вий хэмээн ихэд болгоомжилж буй. Энэ улс хагас зуу гаруй жилийн хугацаанд аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ гадагш гаргаж амь зууж буй болохоор Трампын бодлого, хандлага сэтгэлийг нь түгшээхээс аргагүй. Трамп одоогоор Хятад, Мексикээс орж ирэх барааг хязгаарлана гэж буй ч энэ алхмаа Өмнөд Солонгост хэрэгжүүлэхгүй гэх баталгаа байхгүй юм.
Түүнээс гадна чөлөөт худалдааны тухай хоёр талын хэлэлцээрээ ч АНУ-ын зүгээс эргэж харах аюул бий гэж солонгосчууд үзэж буй юм. Энэ хэлэлцээр уг нь Өмнөд Солонгост асар их ашигтай байгаа юм. Мексикт Өмнөд Солонгосын үйлдвэрүүд байдаг. Мексикийн Монтеррей хотын ойролцоо байх КIA үйлдвэр өнгөрсөн онд 105 мянган машин “хийсний” 80 хувийг нь АНУ-д гаргажээ. Одоо энэ үйлдвэрийн хувь заяа Трампын амласан тарифын саадтай нүүр тулах дээрээ байгаа юм. Мексикт салбараа нээхээр төлөвлөж буй Японы “Тоёота” корпорацад гаалийн татвар нэмэгдүүлнэ хэмээн Трамп “айлгаад” байгаа солонгосчууд Трампын үйл ажиллагааны улс төрийн үр дагавраас биш, эдийн засгийн таагүй байдал бий болгож болзошгүйгээс нь л солонгосчууд болгоомжлоод байгаа юм.
Хятадтай Трамп харилцаагаа хурцатгаж мэдэхээр байгаа нь мөн солонгосчуудын сэтгэлийг зовоож байна. Сүүлийн 10 гаруй жил Өмнөд Солонгос ихээхэн хоёрдмол байр суурь баримталж ирсэн. Сөүл нэг талаас Вашингтоны цэрэг-стратегийн холбоотон, хүн ам нь ч энэ байдлыг дэмжиж байдаг. Нөгөө талаар Хятад улс нь Өмнөд Солонгосын худалдааны гол түнш. Гэтэл Хятадаас Өмнөд Солонгосыг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэр дээр нь Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахаар шийдвэрлэсэн.
Үүний хариуд Хятад өөрийн компаниудын Солонгос руу чиглэсэн зарим үйл ажиллагааг нь хориглохоор шийдвэрлэсэн нь нэг ёсны хориг тавьсантай адил үйлдэл болсон. Вашингтон, Бээжин хоёрын харилцаа муудсан нөхцөлд Хятадын зах зээлд нэвтрэх боломжоо алдаж байж АНУ-тай тогтоосон хэлхээ холбоогоо Өмнөд Солонгос хадгалж үлдэхэд хүрэх юм.
Дэлхийн эдийн засагт эрс нөлөө үзүүлэх хэд хэдэн алхам Трамп хийсний хоёр дахь нь Чөлөөт худалдааны тухай Умард Америкийн хэлэлцээр (НАФТА)-ээс гаргахаар шийдвэрлэсэн явдал аж. Энэ хэлэлцээрт 20 жилийн өмнө Билл Клинтоныг Ерөнхийлөгч байхад гарын үсэг зурсан байдаг. Чухам НАФТА-гаас болж автомашин үйлдвэрлэдэг компаниуд Мексик рүү “нүүсэн” аж. Трампын засаг захиргаа тэднийг эх орон руу нь эргүүлж авчрах нь зүйтэй гэж үзсэн.
Энэ хэлэлцээр Трамп болон түүний талынхны бодлоор Америкаас ажлын байр хулгайлж байгаа аж. Түүнээс болж хэдэн зуун мянгаас хэдэн сая америк хүн ажилгүй болжээ. Хамгийн түвэгтэй юм нь энэ хэлэлцээрээс гарахад тун амаргүй. Уг хэлэлцээр хэрэгжээд удаж буй болохоор түүнд нэгдсэн АНУ, Канад, Мексик улсууд хоорондоо маш нягт, органик гэж хэлмээр холбоотой болчихсон байгаа.
Америкийг нефтийн гадаад хамаарлаас, юуны түрүүнд ОПЕК-ийн орнуудаас бүрмөсөн ангижруулна гэж Трамп мэдэгдсэн. Энэ бол АНУ-ын хувьд онцгой эмзэг асуудал юм. Дайны дараа Америк нефть экспортлогч гол орон, дэлхийд томоохонд тооцогдох нефть үйлдвэрлэгч байсан. Өнгөрсөн зууны 60-аад оноос байдал өөрчлөгдөж, ОПЕК-ийн орнуудын нефтьгүйгээр аж төрөхөд АНУ-д бэрхшээлтэй болж ирэв. ОПЕК-ийн орнууд 1973 онд нефтид хориг тавьснаас АНУ-д хурц хямрал үүссэнийг Вашингтон мартах аргагүй. Харин занараас нефть гаргаж авах технологи бий болсноор 2000-аад оноос байдал мөн өөрчлөгдөж, хэдэн жилийн туршид АНУ-д энэ үйлдвэрлэл олон дахин нэмэгдлээ. Үүнээс үүдэн 2014 онд нефтийн үнэ унав. Одоо нефть экспортлогчид хохирол амсах болсон.
Үүнд Трампын сэтгэл ханахгүй байна. Тэрбээр ОПЕК-ийн орнуудаас нефть огт авахаа болихыг хүсэж байна. Үүндээ хүрэх олон арга зам Трампад бий юм. Тухайлбал, импортын нефтийн гаалийн татварыг нэмэх нь түүнийг өрсөлдөх чадваргүй болгох гол арга юм. Хоёрдугаарт, нефть олборлоход тавьсан экологийн зарим хязгаарлалтыг цуцлах, цаашилбал, Америкийн нутаг дэвсгэр дээрх нефтийн ордод нэвтрэх боломж олгохын тулд компаниудыг лицензтэй болгож, нефть, хий дамжуулах хоолой барьж байгуулах ажлыг урамшуулж, Америкаас нефть, байгалийн хий экспортлоход дэмжлэг үзүүлж болно. Трампын энэ бодлого Орост цохилт болох магадлалтай. Яагаад гэвэл Персийн булангийн нефть Европ руу орж ирж, Орост өрсөлдөгч бий болгоно.