Дэлхийн 50 орчим улсын 48 сая хүүхдэд туслахад зориулан 3.3 тэрбум доллар хандивлахыг НҮБ-ын Хүүхдийн сан уриаллаа. Энэ мөнгөний 40 хувийг Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдэд туслахад зарцуулах аж. Тус сангийн тайланд дурдсанаар, энэ онд 7.5 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Зөвхөн Сирийн хүүхдүүдэд туслахад 354 сая доллар шаардагдах юм.
Үүний сацуу өнгөрсөн онд Европт 350 мянга орчим дүрвэгч болон цагаач ирснийг Хүүхдийн сан тайландаа тэмдэглээд, “Далай гатлан Грек болон Италид ирсэн хүмүүсийн бараг тал хувь нь хүүхдүүд байна. Тэдний олонх нь Сири болон Афганистанаас ирсэн” гэв. Сирийн хөрш орнуудад тус улсын 4.8 сая гаруй иргэн дүрвэн очсоны 2.2 сая гаруй нь хүүхэд ажээ. Мөн зэвсэгт мөргөлдөөн болж буй Иракийн 11 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна. Байлдааны ажиллагааны улмаас тус улсын гурван сая гаруй иргэн, тэдний дотор 1.4 сая хүүхэд орон гэрээсээ дүрвэжээ.