АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсны дараа Иран улс пуужингийн анхны туршилтаа хийлээ. Энэ мэдээллийг Америк болон Израилийн эрх баригчид нотолсон гэж “New York times” сонинд бичсэн байна. “Ираны пуужин 960 орчим км зам туулж, цэнэгт хошуу нь байндаа тусахын өмнө дэлбэрсэн. Санамсаргүй дэлбэрсэн эсвэл санаатай дэлбэлсэн, эсэх нь тодорхойгүй” гэж уг сонинд тэмдэглэжээ.
“Ийм туршилтыг ямар учиртай хийснийг Америкийн тал судалж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч Шон Спайсер мэдэгдэв. НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгч Дэнни Деннон Иран улсыг Аюулгүйн зөвлөлийн 2015 оны тогтоолыг зөрчсөн хэмээн буруушаажээ.
Харин Ираны тал цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр хэрэгжүүлээгүй, туршсан пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээх чадалгүй, тийм зориулалтгүй хэмээн мэдэгдэв.