АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Салли Йейтсийг ажлаас нь халав. Түүний оронд Виржиниа муж улсын Дорнод тойргийн прокурор Дана Бентег томилсон тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер твиттер хуудсандаа бичжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын тухай зарлигийг Хууль зүйн яам шүүх дээр хамгаалахгүй хэмээн Салли Йейтс мэдэгдсэн аж. “АНУ-ын иргэдийг хамгаалах зорилгоор гаргасан хууль ёсны зарлигийг биелүүлэхээс татгалзаж, Хууль зүйн яамыг хууран мэхэллээ” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
Гадаадын террористууд нэвтрэхээс улс орноо хамгаалах тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт Иран, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан гэсэн долоон улсын иргэдийг 90 хоног, Сирийн дүрвэгсдэд тодорхойгүй хугацаагаар тус улсад нэвтрэхийг хориглож, бусад дүрвэгчийг хүлээж авах ажиллагааг 120 хоног түр зогсоохоор заасан юм.
Ийм зарлиг гарсны дараа АНУ-д олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа болсныг тус улсын олон зуун дипломатч дэмжжээ. Шинэ Ерөнхийлөгчийн цагаачлалын бодлогыг эсэргүүцэж буйгаа түүний өмнөх Ерөнхийлөгч Барак Обама ч илэрхийлсэн байна.