1993. 07. 23
Жон Трэнтон гэртээ эхнэрийнхээ хамт оройн хоолоо идэж суулаа. Тэд гэрлээд гурван жил болсон ч үр хүүхэдтэй болоогүй аж. Энэ өдөр эхнэр Жуди Буэно нь нөхөртөө маш чухал баяртай мэдээ дуулгалаа.
Эхнэр нь хөл хүнд болсныг сонссон Жон хөөрцөглөн, баярт мэдээг тэмдэглэхээр шийдэж, оргилуун дарс авахаар дэлгүүр рүү явахаар машинаа асаалаа. Тэднийхээс дэлгүүр хүртэл нэлээд зайтай аж. Өөрийн эрхгүй инээд алдан, хөл нь хөнгөрсөн нөхрөө үдэж эхнэр нь цонхоор харан гараараа даллаж байлаа.
Жон машинаа асаатал нэг л сонин чимээ гарснаа нүдийг нь гэнэт харанхуй бүрхэв. Энэ явдлаас гурван өдрийн дараа л Жон Трэнтон ухаан оржээ. Түүний машин дэлбэрсэн аж. Биеийнх нь 70 хувь түлэгдэж, өрөөсөн нүд нь сохорсон ч тэрбээр амьд үлдсэн нь гайхамшиг гэж эмч нар хэлжээ. Түүний нэг хөлийг тайрахаас өөр боломжгүй байжээ. Ингээд ч болов амьд байгаад гэрийнхэн нь баярлаж, бурханд талархана. Ялангуяа нулимсаа барьж дийлэхгүй байсан эхнэр Жудигээ хараад Жон “Хөөрхий дөө, намайг ингэж хайрлах гэж” хэмээн бодож, сэтгэл нь тайвширч байлаа.
Жоныг ухаан орсны маргааш нь эмнэлэгт цагдаагийнхан ирж, хохирогчоос болсон явдлын талаар асууж, мэдүүлэг авав. Флорида мужийн том хотуудын нэг Пенсаколагийн төв хэсэгт машин дэлбэрсэн нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татах нь ойлгомжтой. Шинжээчдийн үзлэг шалгалтаар Трэнтоны машин техникийн шалтгаанаар бус, тэсрэх бодис тавьсны улмаас дэлбэрсэн нь нотлогдов. Тэгэхээр төрийн жирийн л нэг албан хаагчийн үхэл хэнд хэрэгтэй юм бэ. Энэ асуултад Жон хариулж чадахгүй байлаа.
Эцэг эх нь хүүхдээ алах шалтгаан байх учиргүй тул энэ хувилбарыг тэрбээр бодохыг ч хүссэнгүй. Тэгвэл төрсөн эгч нь үү. Гэхдээ эгч, дүүсийн хооронд элдэв үл ойлголцол байхгүйгээс гадна тэдэнд булаацалдах хөрөнгө энэ тэр юм үгүй. Тэгээд ч эгч нь өөр хотод амьдардаг.
Өөр нэг хувилбар нь, Жонд хонзогнодог хүн бий юү, эсвэл тэрбээр нууц амрагтай юу. Яаж ч бодсон түүнийг алах хүртлээ өширхөх хүнийг бодоод олсонгүй. Мөн тэрбээр эхнэртээ үнэнч эр. Тэгэхээр нууц амрагийн тухай хувилбар хэрэггүй. Тэгээд ч Жон, Жуди хоёр нэгнийгээ амь шигээ хайрладаг учраас хамтдаа амь насны даатгал хийлгэж байжээ. Гэхдээ тэрхүү даатгалыг өнгөрсөн жил хүчингүй болгосон гэх зэргээр Жон мэдүүлэгтээ дурджээ.
Хэрэв хохирогч хууль бус бүлэглэлийн гишүүн, эсвэл эсрэгээрээ тэдэнтэй тэмцдэг цагдаа, тагнуулын ажилтан л биш бол гэмт хэрэгтнийг юуны түрүүнд хамгийн ойр дотнын хүмүүсийнх нь дундаас хайдаг нь тун ойлгомжтой асуудал. Тиймээс хуулийнхан Жон Трэнтоны хүрээллийг судалж эхлэв. Хэнээс нь ч сэжигтэй зүйл гарсангүй. Харин эхнэр Жуди Буэногийнх нь биеийн байцаалтын ганц нэг зүйл зөрсөн ч мөрдөгчид онцлон ач холбогдол өгөлгүй орхижээ.
Ингээд мөрдөгч хохирогчийн анхны мэдүүлгийг онцлон дахин уншиж суугаад “даатгал” гэсэн үгэнд анхаарлаа хандуулжээ. Тэгээд Жон Трэнтон гэдэг хүн даатгалтай, эсэхийг судлав. Хэрэг гарснаас найм хоногийн дараа мөрдөгчид нэгэн сэжигтэй баримт олжээ. Жон Трэнтоны амь насыг эхнэр Жуди Буэно нь зэргэлдээх хотын нэгэн даатгалын компанид хагас сая ам.доллароор даатгуулсан байсныг тогтоов.
Тэгэхээр Жоны үхэл эхнэрт нь ашигтай тусна гэдгийг шууд биш ч гэсэн нотлох баримттай болсон мөрдөгчид Жуди Буэнод анхаарал хандууллаа. Ингэж сэжиглэх өөр нэг үндэслэл нь Жон дээрх даатгалын талаар огт мэдэхгүй байв. Эхнэр нь нууцаар даатгуулсан байх нь. Жон Трэнтон үүнд итгэхгүй байлаа. Ийм зүйл сонсоод хохирогч цочролд орсныг туршлагатай мөрдөгч анзаараад, Трэнтонд “Та тайвширч байгаад энэ тухай бодох хэрэгтэй. Гэхдээ энэ сэдвээр эхнэртэйгээ ярилцахгүй байсан нь дээр” хэмээн зөвлөөд явжээ. Хоёр хоногийн дараа Жон мөрдөгч рүү утасдаж, эхнэр нь энэ хэрэгтэй холбоотой байх магадлалтай юм байна гэх нь тэр.
Мөрдөгчид Жуди Буэногийн амьдралыг судалж, цочирдом олон баримт цуглуулав. Юуны өмнө, Жуди Буэно ямар ч эрдэмтэн биш нь тодорхой болжээ. Тэр ч бүү хэл, дунд сургуулиа ч төгсөөгүй нэгэн байлаа. Дараа нь олж тогтоосон зүйл гэвэл, Жуди 12 жилийн өмнө цэргийн нисгэгч Жеймс Гудиертэй гэр бүл болж, удалгүй нөхрөө өвчний улмаас хорвоогоос үдсэн аж.
Түрүүч цолтой Жеймс гэрлэснээсээ зургаан сарын дараа элэгний хатуурлаар нас барж, эхнэр Жуди нь даатгалаас багагүй мөнгө авчээ. Энэ баримтаас үүдэн мөрдөгчид Жеймсийн булшийг хөндөхөөс аргагүйд хүрлээ. Түүний цогцсоос дээж авч, шинжлэхэд талийгчийн хумс болон үснээс хүнцэл хэмээх хор их хэмжээгээр илэрчээ. “Хүнцэл ямар нэгэн амт, үнэргүй тул хоолтой холиход огт мэдэгддэггүй юм” гэж Жуди хожим мөрдөгчдөд “туршлагаа” ярьж алмайруулсан гэдэг.
Мөрдлөгийн явцад үүнээс ч аймаар зүйл илрэв. Жеймс Гудиер алуурчин эмэгтэйн ганц хохирогч биш байлаа. Жуди Буэно анхны нөхрөөсөө нэг хүү төрүүлжээ. Харамсалтай нь, тэр хүү 19 насандаа золгүй байдлаар амиа алджээ. Гэтэл хүүгийнх нь үхэл ээжид нь мөн л асар их ашиг авчирчээ. Тэрбээр хүүгийнхээ амийг өндөр үнээр даатгуулсан байж.
Эрүүл саруул, чийрэг залуу аавынхаа замналыг үргэлжлүүлэн цэргийн хүн болсон ч удалгүй өвчний улмаас албанаасаа халагджээ. Хүнд өвчний улмаас хөл дээрээ зогсож чадахаа больсон хүүтэйгээ ээж нь нэг удаа завиар зугаалжээ. Тэр үед завь хөнтөрч, тэд усанд унасан байна. Жуди амьд гарч, харин хүү нь живжээ.
“Хүү маань цэргийн албанд мордохынхоо өмнөх өдөр манай гэрт ирсэн. Би түүнд хоол хийж өгөөд, дараа нь аминдэм гээд хор уулгасан” гэж Жуди хэргээ хүлээсэн байдаг. Цэрэгт явах хүүдээ амь насны даатгал хийлгэх нь сайхан шалтгаан биш гэж үү. Харин хүү тооцоолсноор нь үхээгүй. Ингээд зогсохгүй тахир дутуу болж ирээд Жудид лай болсон учраас живүүлэх “тактик” боловсруулан тийнхүү амжилттай хэрэгжүүлжээ.
Хүү үхэхээ мэдсэн юм шиг “Ээж ээ, завиар зугаалмааргүй байна” гэж хэдэнтээ гүрийсэн ч эцэстээ хайрт эхийнхээ ятгалгад нь орсон байна. Жуди завийг зориуд ганхуулж, хөмрүүлснээ хүлээсэн. Хөлөндөө найман кг хүнд тулгуур төмөртэй байсан залуу амархан живсэн нь ойлгомжтой. Тэрбээр “Ээж ээ, надад туслаарай, намайг битгий орхиорой” гэж орилж байсан талаар ярихдаа Жуди огт эмзэглээгүй гэдгийг мөрдөгчид тэмдэглэсэн байна.
Тэрбээр “Жуди намайг алах гэсэн анхны оролдлого энэ биш байх” гэжээ. Түүний ярьснаар бол эхнэр нь гэрлээд удаагүй байхаасаа эхлээд л өглөө болгон Жонд аминдэм гээд хоёр ширхэг цагаан эм уулгах болжээ. Түүнийг уусны дараа дотор нь муухай оргиж, бие нь эвгүйцдэг тухай Жудид хэлэхээр “Биед дутуу зүйл нөхөгдөхөөр тийм мэдрэмж төрж, жаахан хямардаг юм” хэмээн тайлбарладаг байж.
Үүнд нь итгэхгүй байх аргагүй. Учир нь Жуди биохимийн ухааны доктор аж. Гэхдээ аминдэм уугаад байгаа хэрнээ бие нь сайжрах бус, дордоод, амархан ядрах болсныг Жон мэдрээд л байлаа. Эмчид үзүүлэхээр тодорхой онош тавьж чадахгүй, бас аминд халтай өвчин биш гээд байхаар мань эр эрүүл мэндийнхээ асуудлыг өөрийнхөөрөө шийджээ.
Тэрбээр аминдэмийг ууж буй дүр эсгэж байгаад халаасандаа нуугаад, ажилдаа явах замдаа хаячихдаг болсон аж. Түүнээс хойш дотор нь муухайрч, хэвлий цээжээр өвддөг нь багасаж, яваандаа зүгээр болжээ.
Цуврал алуурчин эмэгтэйчүүд гэмт хэрэг хийх болсон шалтгаанаа мөнгөтэй холбон тайлбарладгийг хуулийн шинжээчид онцолсон байдаг. Жуди үүний сонгомол жишээ. Жуди Буэно өөртөө амьдралын шинэ түүх зохиосон байдаг юм. Ээж нь индиан гаралтай, аав нь эмч бол өөрөө биохимийн шинжлэх ухааны доктор гээд л нэг ч үнэн зүйлгүй сайхан түүх.
Төрсөн он, сар нь хүртэл худал. Жон Трэнтоноос жирэмсэн болсон гэдэг нь ч худлаа байжээ. Хүүхдийн хүслэн болсон Жоныг тэр өдөр хуурч, дэлгүүр явуулахаар тэрбээр нэлээд эрт төлөвлөж, машиныг нь дэлбэлэх бэлтгэлээ базаасан аж. Түүний амьдралд байсан ганцхан үнэн гэвэл, хүнд хэцүү нөхцөлд бага насаа өнгөрүүлсэн, үүнээс болж мөнгөнд дурласан явдал байв.
Жуди Буэно эцэг эхийн хайр халамж амсаагүй нэгэн байлаа. Эх нь залуудаа нас барж, эцэг нь хэд хэдэн авгай сольжээ. Хойт эхүүд нь Жудид дургүй байсан. Хамгийн эмгэнэлтэй нь, аав нь түүнийг хайрлаж, хамгаалж чадаагүй. Жуди багаасаа л гэрийн хар бор ажилд нухлагдаж, аав болон хойт эхийн зодуур, доромжлол дор өссөн бөгөөд 14 настайдаа гэрээсээ зугтжээ.
Ингэж явахдаа анх удаа өөрөө хүн зодож хүчирхийлэл үйлдээд 60 хоног шоронд хоригдсон аж. Суллагдсаных нь дараа түүнийг гэрт нь хариулах гэтэл охин эрс татгалзаж, засан хүмүүжүүлэх сургуульд явуулж өгөхийг гуйжээ. Тэрбээр ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байсан нь үүнээс харагдана.
Жеймс Гудиерийг хордуулж алсан, төрсөн хүү Майкл Гудиерийнхээ амийг санаатайгаар хороосон, Жон Трэнтоныг алахаар завдсан хэрэгт Жуди Буэног буруутган, Флорида мужийн шүүх түүнд цаазаар авах ял оноожээ.
Тэрбээр тус мужийн түүхэнд цаазаар авахуулсан хоёр дахь эмэгтэй болжээ. Эхнийх нь Эльза хэмээх боол бүсгүй бөгөөд 1848 онд эзнийхээ амийг хөнөөсөн юм байна.