18-аас доош насныхны, ялангуяа дүрвэгчдийн гэрлэлтийг бүртгэхийг хориглосон хуулийг Данийн парламент баталлаа. “Independent” сонинд мэдээлснээр, бусад улсад бүртгүүлсэн насанд хүрээгүй хүмүүсийн гэрлэлтийг Данид хүлээн зөвшөөрөхгүй болохыг уг хуульд тусгажээ. Тус улсад тийм 27 гэрлэлт бүртгэгдсэн тухай илтгэл тавьсны дараа дээрх асуудал хөндөгдсөн байна.
Эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь 18 нас хүрээгүй гэр бүлийн асуудлыг жилийн өмнө тус улсын эрх баригчид ярьж байсан ч, хэлэлцэх хугацааг хойшлуулсан аж. Харин 14 настай охин дөрвөн настай хүүтэй гэрлэлтээ бүртгүүлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
Сонинд мэдээлснээс үзвэл, Ливан, Иордан, Туркийн дүрвэгсдийн хуаранд хүүхдүүд гэрлэх явдал олонтаа гардаг аж. Энэ арга хэмжээ нь хэд хэдэн тохиолдолд охидыг ядуурал, бэлгийн боолчлолоос хамгаалах учиртай байв. Гэхдээ охидыг мөнгөөр нөхөрт гаргасан тохиолдол бий аж.
Ирэх сарын 1-нээс үйлчлэх хуулийг Хүүхдийн хэрэг эрхэлсэн үндэсний зөвлөлийн төлөөлөгч нь шүүмжилж, “Хүүхдийн эрх ашгийг хэтэрхий бага харгалзан үзэж байна” хэмээсэн байна.