БНН-аас нэр дэвшин сонгогдсон Дональд Трамп Капитоли дахь Конгрессын ордны үүдэнд тусгайлан зассан газар энэ сарын 20-ны үдээс өмнө 11.55 цаг (манайхаар 21-ний 00.55 цаг)-т тангаргаа өргөн АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч боллоо. Түүхээс үзвэл АНУ-ын Ерөнхийлөгч 1789 оноос тангараг өргөх болжээ. Мэдээллээр бол энэ удаад уг ёслол үндэстнээ эвлэлдүүлэн нягтруулж чадаагүй гэнэ. Тангараг өргөх үед Трампын чансаа дээд зэргээр унасан байжээ.
Вашингтон болон олон хотод эсэргүүцлийн жагсаал болсон байна. Цагдаа нар Вашингтонд үймээн дэгдээсэн 90 шахам хүнийг баривчилсан аж. Ерөнхийлөгч тангараг өргөх үеэр Америкт ийм эсэргүүцэл болж байсангүй. Эсэргүүцэгчдийн дундаас “Бид ийм Ерөнхийлөгчтэй байхыг хүсэхгүй” гэсэн үгс дуулдаж байв. Тэр ч бүү хэл Лондон, Токиод эмэгтэйчүүд жагссан гэх мэдээлэл байна. Тэд Трампын үед эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Английн жагсагчид Лондон дахь АНУ-ын ЭСЯ-наас Трафальгарын талбай хүртэл маршаар явж “Трампыг зогсоо”, “Трампын арьсны өнгөөр ялгаварлах үзэл хэрэгжих ёсгүй” хэмээн хашгирч байжээ.
Энэ жагсаалд Лондон хотын захирагч Садик Хан нэгдсэн байна. Ийм жагсаал Хельсинки, Стокгольм, Берлин, Парис, Ром, Вена, Женев, Амстердам, Найроби, Сидней, Мельбурн зэрэг хотод болжээ. Орон нутгаас ёслолд оролцохоор ирсэн БНН-ынхныг гэртээ буулгахгүйн тулд АН-ын олон гишүүн нийслэл хотоос гарч явсан гэнэ. Ёслолд оролцохоос Конгресс, Сенатын 70 гишүүн татгалзсан байна. Уг ёслолд 800-900 мянган хүн оролцсон гэх мэдээлэл бий. Тэгвэл Барак Обамаг эхний удаа тангараг өргөхөд 1.9 сая хүн оролцсон гэсэн баримт байдаг юм.
Гэхдээ тангараг өргөх өдөр болоход Вашингтон хот туг далбаагаар хучигдаж, Трампын дүртэй дотуур цамц гүйлгээтэй болж, “Америкийг дахин агуу болгоно” гэх уриа нь хаа сайгүй харагдаж байжээ. “Ноён Ерөнхийлөгч, тавтай морилно уу” гэсэн үгтэй том зурагт хуудас ёслол болох газар руу очих зам дээр байв.
Америкийн дотоодод хагарал байгаа нь эрх мэдлийг шилжүүлэх өдөр ч анзаарагдахаар байлаа. Барак Обама ард түмэндээ хандсан сүүлчийн захидалдаа Америк бол нэг хүний төсөл биш. “Манай ардчилалд хамгийн үнэтэй үг бол “бид” юм” гэсэн байв.
Тангараг өргөх ёслолын ажиллагаа Трамп, гэр бүлийнхний хамт сүмд очсоноор эхэллээ. Дараа нь тэд Барак болон Мишель Обама нартай цай уугаад Капитолийг зорив. Конгрессийн ордон нь Цагаан байшингаас 4.6 км зайтай аж. Тангараг өргөөд Трамп үг хэлэв. Тэрбээр тус улсын эрх мэдэл жирийн ард түмэнд шилжиж байна хэмээн онцоллоо. “Вашингтоны улстөрчид удаан хугацаанд эдэлж байсан эрх мэдлийг бид ард түмэнд эргүүлэн өгнө.
Ард түмэн шаналж байхад улстөрчдийн жижигхэн бүлэг нийслэлд хэтэрхий урт хугацаанд “тарвалзаж” байсан. Дээдэс өөрсдийгөө л хамгаалж байснаас биш ард түмнийг орхисон. Тэдний ялалт та нарынх байгаагүй. Хөрөнгө чинээ муутай гэр бүлүүд зовж шаналж байсан, энэ байдал өөрчлөгдөнө гэж амлая. Нэг нам нөгөөгөө халж сольж буйгаас илүүтэй 2017 оны нэгдүгээр сарын 20-нд хүмүүс дахин эх орноо төлөөлөх болж буй нь чухал юм” хэмээн тэрбээр хэллээ.
...Трамп сонгогдсоноор ХХ зуунд бий болсон дэлхийн дэг жаяг эцэслэнэ гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлсэн байна. Тэгэхдээ дэлхий маргааш ямар байхыг одоогоор тодорхойлоогүй байна гэж тэр үзжээ. Ер нь эрх баригч солигдох бүрт тодорхой бус байдал, эргэлзээ тээнэгэлзээ бий болж, олон асуулт гарч ирж байдаг нь бараг жам юм гэж тэрбээр тэмдэглэсэн байна...
Өөрийн амьдралын хэвшлийг бусад оронд тулгадаг, бусдад үлгэр болохыг эрмэлздэг бодлогоосоо АНУ татгалзана гэж Трамп амлав. Америк улс юуны урьд лалын эрс үзэлтнүүдийн алан хядах ажиллагаатай тэмцэнэ гэж хэлсэн нь хүмүүсийн санаанд ихээхэн нийцэж, талархлыг нь хүлээж байлаа.
Тангараг өргөх ёслолыг телевизээр дамжуулсны дараа Ерөнхийлөгч Трампын хэлсэн үгийн эргэн тойронд тайлбарлагчдын яриа өрнөсний дотор шүүмжлэх боломжийг ч тэд алдсангүй. Тухайлбал, MSNBC-ийн тоймч Крис Мэтьюс шинэ Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Адольф Гитлерийнхтэй зүйрлэв.
Трампын хэлсэн үгийг гадаадын мэдээллийн хэрэгслүүд “эрс хатуу үнэлгээ өгсөн”, сонгуулийн сурталчилгаа шиг нь “болхи, бүрхэг” гэж тодорхойлж байна. Түүний үг “миний үед Америк өөр болно шүү” гэж Европт өгсөн дохио болох ёстой гэж бас үзэж байгаа аж.
Америкийн San Francisco Chronicle сонинд бичсэнээр бол улстөрчид хэдийнэ мартсанаас урам нь хугарсан ажилчин ангийн урмыг сэргээнэ гэж Трамп амласан байна. Тэгвэл Трамп америкчууддаа үнэнч байхаа амласан гэж The Washington Post сонин дүгнэжээ. Гэвч орчин үеийн түүхэнд хамгийн “бохир” кампанит ажлын үеэр авсан шархандаа шаналж буй улс орноо тайтгаруулах гэж бараг ямар ч хүч чармайлт гаргасангүй гэж түүнийг бас зэмлэсэн байна.
Тангараг өргөх ёслол Трампын өвөрмөц онцлогийг харуулжээ. Тэрбээр хууль тогтоогчид хийгээд хуучин Ерөнхийлөгчдийг хурцхан шүүмжилсэн аж. Тэдний зарим нь энд хүрэлцэн ирсэн байв. Тухайлбал, ёслолд Жимми Картер, Билл Клинтон, хүү Жорж Буш нар оролцсон юм. Трамп харин сонгуульд өрсөлдөж байсан хатагтай Хиллари Клинтонд ямар нэг байдлаар хандсангүй. Тэгэхдээ хожим нь Капитолид болсон зоогийн үеэр Билл болон Хиллари Клинтон нарт баяр хүргэхийг тэнд байсан өндөр албаны хүмүүсээс хүссэн байна.
Их Британийн The Daily Express сонинд бичсэнээр бол Трампыг орой болгон муу хэлэх либерал сэхээтнүүдийн царайг харахаас англичууд ой гутаж байжээ. Трамп ямар Ерөнхийлөгч болох байлаа ч Америк түүнийг ямар ч байсан сонгосон. Сүүлийн хэдэн жилд алан хядах ажиллагаа, дайн, эмх замбараагүй байдал, зовлон шаналалд нэрвэгдсэн энэ хорвоод юу ч өөрчлөгдсөнгүй. Трамп манж үггүй, эрс шулуун, илт бүдүүлэгдүү ярьдаг нь үнэн. Гэлээ ч түүнд боломж олго. Тэр өөрөө биш юм гэхэд бодлого нь Америк болон дэлхий дахинд өнөө цагт чухам үгүйлэгдэж байгаа юм нь байх ч юм бил үү гэсэн байна.
Германы Frankfurter Allgemeine Zeitung сонин ёслол дээр Трампын хэлсэн үгийг урьд нь ийм үед хэний ч хэлж байгаагүй, эрх мэдэлтэн, Вашингтон, даяарчлал, Америкийн ард түмний шим шүүсийг “сорж” байгаа бүхний эсрэг хандсан аястай байлаа. Трампын үеийн Америк өөр Америк байх нь гэж дүгнэжээ.
Германы өөр нэг сонинд бичсэнээс үзвэл Трампыг одоо оршин тогтнож буй дэг ёсыг эвдэхээр зэхэж байна гэж зарим герман хүн бодож байгаа бололтой. Тэрбээр Америк орныг үйлдвэр, завод нь зогссон, дээрэмчин тонуулчид, мансуурал, гэмт хэрэгт эрх мэдлээ өгсөн газар хэмээн дүрслэв. Энэ байдал Трамп ирснээр эцэс болох нь. Энэ үг эдийн засгийн бодит байдалтай зөрчилдөж буй ч түүний талынхан ийн үзэж байгаа юм байна. Трамп бол хүчтэй Ерөнхийлөгч биш, ердөө эсэргүүцэлтэй тулгарсан л Төрийн тэргүүн. Америкийн нэг ч Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ нэр хүндтэй байгаагүй юм гэжээ. Энд тэмдэглэхэд албан тушаалаа өгөх үедээ Обамагийн нэр хүнд Дэлхийн II дайнаас хойших хугацаанд Рузвельт, Рейган, Клинтон нарын дараа орж буй аж.
Трамп сонгогдсоноор ХХ зуунд бий болсон дэлхийн дэг жаяг эцэслэнэ гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлсэн байна. Тэгэхдээ дэлхий маргааш ямар байхыг одоогоор тодорхойлоогүй байна гэж тэр үзжээ. Ер нь эрх баригч солигдох бүрт тодорхой бус байдал, эргэлзээ тээнэгэлзээ бий болж, олон асуулт гарч ирж байдаг нь бараг жам юм гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлын анхны өдрөө Виржини муж улсад байдаг Тагнуулын төв газар (ТТГ)-ын төв байранд очсон байна. Тэрбээр эндхийн 400 ажилтны өмнө хэлсэн үгэндээ тэднийг “үнэ цэнэтэй хүмүүс” гэж нэрлээд, тус байгууллагын гол зорилт нь лалын алан хядах үйлдэлтэй хийх тэмцэл байх ёстой хэмээн онцолсон байна. Энэ байгууллагад шинэ Ерөнхийлөгч таагүй ханддаг мэт ойлголтыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хүмүүст төрүүлсэн гэж тэрбээр хэлжээ. Сонгуульд ялахад нь Орос улс туслахыг оролдсон гэх мэдээллээс үүдэн тагнуулын албаа Трамп шүүмжилж байсан юм.
Мэдээллээс үзвэл Трамп тангараг өргөсний дараа Зууван танхимд суудлаа эзэлмэгц Барак Обамагийн хэрэгжүүлж байсан эрүүлийг хамгаалах тогтолцоог зогсоох тухай шийдвэрт гарын үсэг зурсан байна.
Дональд Трамп НАТО-г хоцрогдсон байгууллага гэж үзэж буй. Энэ нь түүнийг үүсгэн байгуулаад удаж буйтай холбоотой. Түүнээс гадна түүний гишүүн орнууд татвараа төлдөггүйд тэрбээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Трампын үзэж буйгаар алан хядах ажиллагаанд НАТО зохих ёсоор анхаарахгүй байгаа нь түүний хоцрогдож буйг харуулах дутагдал аж. Тэгэхдээ НАТО өөрт нь “маш чухал” болохыг Трамп хүлээн зөвшөөрсөн байна. Сонирхуулахад, улс төрийн нэр зүтгэлтэн агсан Уинстон Черчиллийн цээж баримлыг Трамп Зууван танхимд буцааж залжээ. Уг баримлыг 2009 онд Барак Обама эндээс гаргаж өөр газар байрлуулсан аж. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрийн ажлын өрөөний зохион байгуулалт, тавилга төхөөрөмжийг санаандаа нийцүүлэн өөрчилдөг уламжлалтай юм.
Үгийн далимд дуулгахад Трампын тангараг өргөх ёслолд 200 сая ам.доллар зарцуулжээ. Ёслолын үеийн аюулгүй байдлыг 28 мянган цагдаа хангасан байна. Америкийн одоогийн тэргүүн хатагтай Меланья Кнавс словени гаралтай бөгөөд Трампын гуравдахь гэргий юм. Түүний дотно найз нар дотор хэд хэдэн монгол эмэгтэй бий гэх сураг байдаг.