АНУ-ын БХЯ, Төрийн департамент болон төрийн бусад байгууллагын нууц материалыг “Wikileaks” цахим хуудсанд өгсөн хэргээр 35 жил хорих ял шийтгүүлсэн Челси Мэннингэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өршөөл үзүүлж, энэ оны тавдугаар сарын 17-нд суллах шийдвэр гаргажээ.
2010 онд Иракт алба хааж байхдаа тэрбээр дипломат харилцаа, байлдааны ажиллагааны тайлан гэсэн хэдэн мянган баримт бичгийг Жулиан Ассанжийн байгуулсан цахим хуудсанд нийлүүлсэн юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх нууц баримт бичиг асар их хэмжээгээр алдагдсан тохиолдлуудын нэг болсон билээ.
АНУ-ын олон улсын бодлого, цэргийн стратегийн асуудлаар олон нийтийг мэтгэлцүүлнэ хэмээн найдсандаа баримт бичгүүдийг шилжүүлэн өгснөө байлдагч Мэннинг урьдчилсан байцаалтын үеэрх мэдүүлэгтээ дурджээ.
Түүнд 2013 онд 35 жил хорих ял оноосон. Шоронд байхдаа нэрээ өөрчилж, хүйсээ солиулсан билээ. Гэхдээ эрэгтэйчүүдийн шоронд ял эдэлдэг. Мөн хорих нөхцөл муу учир хоёр ч удаа амиа хорлохыг оролдсон болохыг өмгөөлөгч нь мэдэгдсэн байна.
Мэннингийг өршөөвөл Америкийн эрх баригчдад бууж өгөхөө Их Британи дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж байгаа, “Wikileaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж урьд нь амласан билээ. Мэдээлэгч Мэннингэд өршөөл үзүүлснийг Ж.Ассанж ялалт хэмээсэн байна.