Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын шинжээчид “Дэлхийн эрсдэлүүдийн тухай илтгэл”-дээ цаг агаарын хүнд нөхцөл, цагаачлал, байгалийн томоохон гамшиг, халдлага дайралт болон хувь хүний мэдээллийг олноор нь хулгайлахыг хүн төрөлхтөнд энэ онд нүүрлэх гол эрсдэл гэж дурджээ. Байгалийн баялгийн үр ашиггүй удирдлага геополитикийн болон нийгмийн асуудлууд үүсгэж, байдлыг улам хүндрүүлэх гэнэ.
НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын тайлангаас үзвэл, 2008 оноос хойш байгалийн гамшгийн улмаас жилд дунджаар 21.5 сая хүн шилжин суурьшжээ. Далайн түвшин дээшилсэнтэй холбоотойгоор Аляск, Фижи, Кирибатийн оршин суугчид аль хэдийнэ шилжин суурьшсан, эсвэл явахаар төлөвлөж байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын судалснаар, ажиглалт явуулсан түүхэн дэх хамгийн дулаан жилээр 2016 он бүртгэгджээ. 1880-1999 оны үзүүлэлттэй харьцуулбал өнгөрсөн онд анх удаа агаарын температур нэг хэмээр дээшилсэн аж. Нүүрсхүчлийн хийн хэмжээ өсөж, өдөрт агаар мандалд 110 сая тонн хүлэмжийн хий ялгарч байна. Жил тутам 52 тэрбум тонн хорт хий цацагдах болжээ. Үүнийг шинжээчид Японы Хирошимад хаясан шиг 400 мянган атомын бөмбөг дэлбэрсэнтэй адилтгасан байна.
Хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгчид нь Хятад, АНУ, Европын холбоо болон Энэтхэг улс юм. Гэхдээ дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг хоёр хэмд барихын тулд бүх улс 2050 он гэхэд хорт хийн хаягдлаа 70 хүртэл хувиар бууруулах хэрэгтэй.
НҮБ-ын Байгалийн гамшгийн аюулыг бууруулах газрын тооцоолсноор, 2015 онд бараг нэг тэрбум хүнд байгалийн гамшиг нүүрлэжээ. 2016 онд Энэтхэгийн 330 сая иргэн ганд нэрвэгдсэн байна. Цаг агаарын өөрчлөлт, усан хангамжийн хямрал нь дотоодын болон бүс нутгийн мөргөлдөөн дэгдээн, өлөн зэлмүүн байдалд хүргэх болжээ. Шинжээчдийн урьдчилан таамагласнаар, Ойрхи Дорнодод 2050 он гэхэд усны хомсдол болон ДНБ нь зургаан хувиар буурах эрсдэл нүүрлэхээр байна. Дэлхийн банкны үзэж буйгаар, усны хомсдол Ойрхи Дорнод, Сахель зэрэг бүс нутгийн нийгмийн түгшүүртэй байдлыг улам хурцатгахаар байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөөний улмаас 2050 он гэхэд тус бүс нутгийн хотуудын усны түвшин 60 гаруй хувиар буурч болзошгүй байна.
Бий болсон экологийн асуудлуудыг амжилттай шийдэхийн тулд бүх эрсдэлийг тооцон, системтэй алхам хийх хэрэгтэй хэмээн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын шинжээчид мэдэгджээ. Нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эдийн засагт шилжихийн тулд Засгийн газруудаас хөдөлмөрийн зах зээлээ багасгахыг шаардаж буй. Тиймээс улс орнууд хөдөлмөрийн зах зээлийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих арга хэмжээ авахын зэрэгцээ мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах шинэ алхам хийх ёстой болж байна.