Нигери улсын Борно мужийн Ранн хот дахь дүрвэгсдийн хуаранг тус улсын агаарын цэргийн хүчин андууран бөмбөгдсөний улмаас 52 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ. Тус улсын арми “Боко Харам” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг устгах цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
Тус бүлэглэлийнхэн халдлага, дэлбэрэлт үйлдэн, хүмүүсийг олноор нь хөнөөж, охид, эмэгтэйчүүдийг хулгайлах зэргээр Нигери улсад эмх замбараагүй байдал дэгдээсэн билээ. Тэд Нигерийн Засгийн газрыг түлхэн унагааж, исламын халифат улс байгуулахаар зорьж буй юм.
Борооны улирал дууссаны дараа тус бүлэглэл сүүлийн хэдэн долоо хоногт давшилтаа эрчимжүүлсэн байна. Өлсөж үхэх эрсдэлд ороод байгаа нигеричүүдэд туслах зорилгоор нэг тэрбум доллар хандивлахыг өнгөрсөн сард НҮБ олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Босогчид хаясан дэлбэрээгүй бөмбөг байж магадгүй гэж болгоомжилсон тариачид сүүлийн гурван жилд тариа тариагүйн улмаас тус улсын зүүн хойд нутгийн гурван мужид 5.1 сая орчим хүн хүнсний хомсдолд ороод байна. Юуны түрүүнд, өлсөж үхэхийн ирмэгт тулсан хүүхэд голдуу 100 мянга орчим хүнд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болжээ.