Швейцарийн Давос хотод дэлхийн эдийн засгийн жил тутмын чуулга уулзалт “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” сэдвээр болж байна. Энэ нь улс төрийн манлайлагчид нийгмээс улам хөндийрч, эрх барих байгууллагууддаа ард түмний итгэх итгэл алдарсантай холбоотой сэдэв аж. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп удахгүй тангаргаа өргөх гэж буйтай холбоотойгоор чуулганаар хэлэлцэх гол асуудал нь түүний улс төрийн чиг бодлого байх бололтой. Америкийн Төрийн тэргүүний баримтлах бодлого дэлхийн эдийн засагт болоод олон улсын харилцаанд нөлөөтэй байдгийг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.
Давосын 47 дахь удаагийн чуулга уулзалтад 70 гаруй орны төр, засгийн тэргүүн болон томоохон банк, корпорацын удирдагч болох 3000 орчим төлөөлөгч оролцож байна. Дөрвөн өдөр үргэлжлэх уулзалтыг нээж, тус чуулганд анх удаа оролцож буй БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэллээ. ДНБ-ээ өсгөх, хүн амынхаа ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн үзүүлэлтүүдээ сайжруулах зорилгоор дотоодын бараа, үйлчилгээгээ дэмжиж, импортыг хязгаарладаг хэмээн Д.Трамп шүүмжилдгийн эсрэг чөлөөт худалдааг эрчимжүүлэх чиглэлээрх Хятадын байр суурийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын тоонд олон улсын улстөрчдийн популист ажиллагаа, терроризмтэй тэмцэх талаар авч буй арга хэмжээ оржээ. Тэрчлэн дэлхийн эдийн засагт хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөөг хэлэлцэх аж.