Хятадын зэвсэгт хүчнийхэн өндөр албан тушаал хашдаг 50 орчим офицероо, тэдний дотор 18 генералаа чөлөөнд гаргана гэж армийн хүрээн дэх эх сурвалжуудаасаа эш татан “South China Morning Post” сонин мэдээллээ. Тус улсын армийн бие бүрэлдэхүүн энэ оны эцсээр 300 мянган хүнээр цөөрөх гэнэ. Ингэж цөөлөхгүйгээр хэт том, хоцрогдсон бүтцийг орчин үеийн зэвсэгт хүчин болгох боломжгүй юм.
Цомхтголд багтсан хүмүүсийн тоонд Цэргийн шинжлэх ухааны академийн ректор Цай Интин, Батлан хамгаалахын үндэсний их сургуулийн улс төрийн комиссар Лю Яжоу нар багтжээ. Тэрчлэн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминий хүмүүс гэгдэх генерал Зя Тиньгань, Ду Зиньцай нарыг чөлөөнд гаргах аж. Зян Зэминий бүлэг БНХАУ-ын дарга Си Зиньпиний явуулж буй авлигын эсрэг кампанит ажил, шинэчлэлийг дэмждэггүй. Тиймээс сөрөг хүчнийхнийг халах нь энэ оны намар болох Коммунист намын XIX их хурлын өмнө арми дахь байр сууриа бэхжүүлэхэд түүнд тус болох юм. Тус их хурлаар 2022 онд Си Зиньпиний халааг авах хүнийг тодруулах ёстой. Шинжээчдийн үзэж буйгаар, төрийн эрх барих хугацаагаа сунгахыг хүсэж байгаа түүнд армийн бүрэн дэмжлэг хэрэгтэй гэнэ.
Чөлөөнд гарсан цэргийнхэнд олгох нөхөн төлбөрийг хараахан шийдээгүй байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болон энэ жилийн нэдүгээр сарын эхээр Хятадын Цэргийн төв комисс болон БХЯ-ны дэргэд цэргийнхэн эсэргүүцлээ илэрхийлэн, хуулийн дагуу төлбөр, хөнгөлөлтөө үзүүлэхийг шаардсан билээ. XIX их хурлын үеэр ийм эсэргүүцлийн ажиллагаа дахин гаргуулахгүй байх гэж шинжээчид таамаглаж байна.