Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Зүүн өмнөд Азийн орнууд болон Австралид хийх айлчлалаа Филиппинээс эхэлжээ. “Japan times” сонин Японы өндөр албан тушаалтнуудын хэлснээс эш татан мэдээлснээр, Хятад улс улам бүр түрэмгий болж буй учир улс орнуудтай байгуулсан холбоотны харилцаагаа бэхжүүлэх нь Ш.Абэгийн айлчлалын зорилго аж. АНУ-ын шинэ засаг захиргаанд Токио итгэхгүй байгаа тул ийнхүү бие даасан алхам хийхэд хүрчээ.
Японы Ерөнхий сайд энэ онд Филиппинд айлчилсан гадаадын анхны удирдагч болов. Тэрбээр 20 компанийн төлөөлөгч, багц тусламжтай, мөн 8.7 тэрбум долларын хөрөнгө оруулахаар очжээ. Тэдгээрийг дэд бүтцийн төслүүд, мансуурагчдыг эмчлэх хөтөлбөрт зориулах гэнэ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Хятад улс Манилад 24 тэрбум доллар (түүнээс 15 тэрбумыг хөрөнгө оруулалт, есөн тэрбумыг зээл хэлбэрээр) өгөхөөр амласныг давахаар ирснээ Ш.Абэ нуугаагүй байна. Токиогийн санал болгосон мөнгө Бээжингийнхээс эрс бага ч тусламж авсныхаа төлөөсөнд Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрээ нэхэхээс татгалзах шаардлагагүй юм.
Бээжинд Р.Дутерте айлчилсны дараа филиппинчүүд нутаг дэвсгэрийн маргааны талаар Хятадад хэд хэдэн буулт хийхэд хүрсэн. Уг нь Гааг дахь Олон улсын шүүх Хятадыг хууль бусаар газар эзэмшиж буйг хүлээн зөвшөөрсөн билээ. Тухайлбал, Р.Дутертегийн айлчлалын дараа Хятадын компаниуд Филиппиний эдийн засгийн бүсээс нефть олборлох боломжтой болсон.
Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжинг тойрсон сөргөлдөөн нь олон улсын асуудал бөгөөд зайлсхийж болохгүй хэмээн Шинзо Абэ айлчлалынхаа үеэр мэдэгджээ. Эл мөргөлдөөний талаарх албан ёсны байр сууриа Япон улс илэрхийлээгүй ч дээрх баримтаас үзвэл Хятадыг хамгийн хурцаар шүүмжлэгчдийн нэг болж байна.
Японы “Емиүри” сонинд мэдээлснээр, тус улсын Сайд нарын танхим одоо батлан хамгаалахын шинэ стратегиа боловсруулж байгаа бөгөөд түүнд Хятад улс маргаантай байдаг Сенкаку арлыг эзлэх оролдлогод цэргийн хариу өгөх талаар тодорхой тусгах аж. Хэлэлцэж буй зураглалд эргүүлийн болон загас агнуурын усан онгоцууд мөргөлдөх, Хятадын эргийн хамгаалалтын алба хүчтэй довтолгоон хийх, Сенкаку аралд Хятадын тусгай албаныхан шүхрээр буух магадлалыг тусгасан байна. Филиппин улс бол Зүүн өмнөд Ази дахь Японд хамгийн ойр орших улс бөгөөд тус орныг Бээжингийн ивээл дор бэхжүүлбэл Токиогийн хувьд эрсдэлтэй юм. Филиппиний хамгийн хойд арлаас Японы хамгийн өмнөд цэг хүртэл ердөө 400 орчим км зайтай байдаг аж.
АНУ-аас тусдаа бие даасан холбоотны харилцаа тогтоох хүчин чармайлтаа Шинзо Абэ идэвхжүүлж буй нь тус улсын шинэ засаг захиргааны урьдчилан таахын аргагүй байдалтай холбоотой юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын (нутаг дэвсгэрийн маргаантай) болон тус бүс нутаг дахь АНУ-ын холбоотнуудын (эвсэлд хөрөнгө мөнгөний хувьд хангалттай хувь нэмэр оруулдаггүй) талаар хатуу байр суурь баримтлахаа амласан юм.
Вашингтоны Карнегийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жеймс Шоффын үзэж буйгаар, Япон улс аюулгүй байдлынх нь баталгаа болохын хувиар АНУ-аас харилцаагаа тасалж чадахгүй, харин Цагаан ордны тодорхойгүй байдлын үед бүс нутгийн эвслээ хадгалж үлдэхэд хувь нэмрээ оруулах чадалтай юм. “АНУ, Хятадын хооронд хөлбөрдөг орнуудыг Токио эдийн засгийн хувьд дэмжиж, Бээжингийн тусламж авах шаардлагагүй болохыг харуулах боломжтой” хэмээн тэрбээр ярьжээ.