Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багийн тоог нэмэгдүүлэх шийдвэрийг ОУХБХ гаргав. сонгогдоод удаагүй байгаа ерөнхийлөгч Жанни Инфантино сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн хөтөлбөрөө ийнхүү хэрэгжүүлж эхэллээ. Урьд нь тэрбээр 40 шигшээ багийн тухай ярьж байсан бол одоо энэ нь 48 болсон байна.
Энэ шийдвэрийг 2026 оны тэмцээний үеэр хэрэгжүүлэх бөгөөд хаана явуулахаа одоогоор шийдээгүй байгаа юм. Багуудыг 16 хэсэг болгож хуваана, хэсэг бүр нь гурван багтай байх аж. Хэсэг тус бүрээс хоёр баг шалгарч тоглоод 16-уул үлдэнэ. Дэлхийн аваргын төлөөх тэмцээний одоо мөрдөж буй журмаар эд цааш тоглож найм нь шөвгөрнө.
Оросын болон Европын бусад орны шигшээ багийн хувьд дээр өгүүлсэн өөрчлөлт төдийлөн хамаарахгүй. Урьд нь тус тивээс ДАШТ-д 13 шигшээ баг оролцож байсан бол одоо 16 оролцоно. Африк, Азийн орнуудын баг өөрчлөлтөд ихээхэн өртөнө. Хар тивээс таван багийн оронд 9-10, Азиас 3-4-ийн оронд 8-9, Умард болон Төв Америкаас 4-5 багийн оронд 6-7 баг оролцдог болох юм. Тиймээс Иран-Сенегал, Гондурас-Тогогийн баг гэсэн тоглолт олширно гэсэн үг.
Оросын хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн асан В.Колосков сэтгүүлчтэй ярилцахдаа ОУХБХ-ны энэ шийдвэрийг эрс шүүмжилж, “мулгуу” гэж нэрлэлээ. “Инфантиногийн саналд ФИФА-гийн зөвлөл шүүмжлэлтэй хандана гэж би бодож байсан ч тэгсэнгүй. Гвиней, Каледония гэх мэт жижиг орон мэдээж баяртай байгаа, бусдад нь энэ шийдвэр хачирхалтай санагдана. 48 багийг байрлуулах улс хаана байна, эдгээрт тохирох цэнгэлдэх хүрээлэн хэн барьж байгуулах юм бэ” гэж тэрбээр хэлсэн байна.
ФИФА-гийн хувьд шийдвэр гаргахдаа хөлбөмбөгийг түгээмэл спорт болгохыг нэг гол үндэслэл болгосон бол Колосков энэ зорилго биелнэ гэдэгт эргэлзэж байгаа аж. “Оросын шигшээ баг Евро-2016-д оролцоод өөрийн тоглолтоор хөлбөмбөгийг түгээмэл болгосон уу. Үгүй. Үндэстнээ шившиг болгосон. Нэг ч оноо аваагүй Украины багийн тухайд бас ингэж хэлж болно.
Умард Солонгосын баг 2010 оны ДАШТ-д оролцоод бүх тоглолтод хожигдсоны дотор Португалд 0:7 харьцаагаар ялагдсан. Энэ багийн тамирчид хөлбөмбөгийг өөрийн эх оронд дэлгэрүүлж чадсан уу. Үгүй байх гэж бодож байна. Гагцхүү багийн тоглолтоос л бүх юм шалтгаалдаг” гэж Колосков үзэж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогчдыг өмнө нь 1998 онд өргөтгөж, 24 багийн оронд Францад болсон тоглолтод 32 баг оролцжээ. ФИФА-гийн тэргүүн байсан Жоао Авеланжийн гаргасан энэ шийдвэр мөн л шүүмжлэл дагуулсан ч Колосковын үзэж буйгаар түүнийг бүрэн залруулаагүй аж. “Чанарын талаас нь авч үзвэл хөлбөмбөг хохирсон. Харин санхүүгийн хувьд хожсон. Гэхдээ, 32 баг байх нь дээд хязгаар байсан юм. Үүнээс илүү өргөжүүлэх нь ухаалаг алхам биш. Ямар ч байсан хөлбөмбөгийн спортоо тэргүүн зэрэгт тавих ёстой. Шинээр орсон 16 багт шагналын мөнгө өгөх, хөл дээр нь босгох, аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй болно. Энэ нь ашигтай гэж бодохгүй байна”. Энэ бол Колосковын үг. ДАШТ-ийг ийн өргөжүүлэхийг Авеланж үзэж арай л чадсангүй. Тэрбээр 2016 оны наймдугаар сард 100 настайдаа өөд болжээ.
ФИФА-гийн бодлогыг дэмждэг нөлөө бүхий субъект бий аж. Тухайлбал, “Манчестер юнайтед” багийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо. “Шүүмжлээд байгаа хүмүүс нөхцөл байдлыг шинжилж, энэ өөрчлөлт тоглолтын тоог нэмэгдүүлээгүй гэдгийг ойлгох нь чухал байна. Хоёр удаа тоглоод л чи плей-оффт орох, гэр рүүгээ явахын аль нэгийг нь шийдчихнэ”. Португалын мэргэжилтэн ийн хэлснийг ФИФА-гийн хэвлэлийн алба эш татжээ. Оролцогчдын тоог нэмсэн нь Моуриньогийн бодлоор ихээхэн ач холбогдолтой үйл явдал гэнэ. “Олон орон оролцож, дэд бүтэц хийгээд залуусын энэ спортод илүү их хөрөнгө оруулна.
Олон улс, олон африк, ази, америк хүмүүс хамтдаа байна” гэж Жозе мэдэгдсэн байна. 2026 оны ДАШТ-ийг явуулах эрх олж авахаар хоёр бүлэг улс өрсөлдөж байна. Үүнд Энэтхэг, Хятад болон Эквадор, Болив, Перу, Парагвай, Канад, Шинэ Зеланд өрсөлдөгчдийн дунд бий. ДАШТ хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Уругвайд 1930 онд болсон анхны тэмцээнд 13 баг өрсөлдсөний долоо нь Өмнөд Америкийн, дөрөв нь Европын, хоёр нь Умард Америкийнх байжээ. 1934-1978 онд 16 баг оролцсоор ирж. Тэгэхдээ 1938 онд Гитлерийн Германы явуулж байсан бодлогоос хамаарч Австри улс оролцоогүй. 1950 онд санхүүгийн шалтгаанаар гурван баг оролцохоос татгалзаж байсан аж.
1982 онд оролцогчдын тоо 24 болж нэмэгдсэн. 1998 онд бүр 32 баг оролцсон байна. Францад 1998 онд болсон тэмцээнээс хойш багийн тоо 2022 онд Катарт болох тэмцээн хүртэл долоон удаагийн тоглолтод өөрчлөгдөхгүй нь. Харин Инфантиногийн санаачилга хэр удаан тэсэх бол?