ШУА-ын ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГ шүүхэд өгөх тухай МЭДЭГДЭЛ
Ноён уулын ордыг ашиглах шүүх хурал 1/9-нд ахин болно.
НОЁН УУЛЫН ОРДЫГ АШИГЛАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ хэмээн эрдэм шинжилгээний судалгааны дүгнэлтийг гаргасан
Шинжлэх Ухааны Академийн ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох хууль журмыг ноцтой зөрчсөн байна.
Хүрээлэнгийн тайланд ингэж дурджээ.
"Цаашид тус компани Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Түүх археологийн хүрээлэнгийн зүгээс Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох хууль журмыг ноцтой зөрчсөн тухай дараахь үндэслэлүүдийг хүргэж байна.
1. Тус хүрээлэн 2016 оны 5-р сарын 15-наас 6-р сарын 8 хүртэл малтлага хийж, уурхайн бүсэд, мөн орчны бүсэд маш үнэ цэнэтэй чухал олдворуудыг олсон. Гэвч тус хүрээлэн уурхайн ашиглалтын бүсэд олдвор байхгүй хэмээн мэдэгдэж Соёлын өвийн хуулийг зөрчсөн.
2. Ноён уулыг бүхлээр нь Улсын тусгай хамгаалалтанд авах судалгааг явуулсан авч, зарим хэсэгт олдвортой газар үгүй гэх дүгнэлтийг гаргаснаар Ноён уулыг бүхлээр нь бус уурхайн эзэмшигч талд ашигтай байдлаар хэсэгчилсэн хамгаалалтанд авахад нөлөөлөх судалгааны үр дүнг гаргаж Улсын тусгай хамгаалалттай газрыг хамгаалах хуулийг зөрчсөн.
3. 2015 оны 09 дүгээр сард Уул, уурхайн сайд Р.Жигжидээр ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ажилласан. Бүрэлдэхүүнд ШУА-ын харьяа Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Ч.Амартүвшин хамт ажилласан бөгөөд лиценз бүхий талбайд түүх, археологийн холбогдолтой дурсгал байхгүй гэдгийг олон нийтийн хэрэгсэлээр тодорхойлон зарласан.
4. Тус эрдэм шинжилгээний байгууллага Ноён уулын үнэт олдвор, археологийн дурсгалт газруудын тухайд, нэн ховор олдвор болон дурсгалт газруудын тухай 2014 оны тайландаа бахархалтай бичиж Ноён уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн үндэсний урьдчилсан жагсаалтанд албан ёсоор нэр дэвшүүлсэн авч, нэн ховор соёлын өвийг хамгаалах тухайд 2016 онд өмнөх судалгааны дүгнэлтээсээ ухарсан дүгнэлт гаргаж Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна.
Эдгээрийг батлах үүднээс тус хүрээлэнгийн 2016 оны тайлангаас хүргүүлж байна.
"Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь "Сентерра гоулд Монголия" ХХК-ны Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлан"
Түүх археологийн хүрээлэн
Хуулбар үнэн
Улаанбаатар 2016 он
2016 оны 6-р сарын 23-ний өдөр
6. Судалгааны ажлын үр дүн
Хуудас 100
"Тус хүрээлэн "Сентерра гоулд Монголия" ХХК- СТМ 1158-05-16 тоот хамтран ажиллах гэрээний 2016 оны 05-р сарын 15-наас 06-р сарын 08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртын орд болон түүний орчны бүсэд нийт 18 дурсгалыг амжилттай малтан судлав. Үүнд, хүрэл зэвсгийн дөрвөлжин булш 2 (9, 18-р дурсгал), хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух 1 (7-р дурсгал), эртний бууц суурин 1 (5-р дурсгал), монгол булш 2 (10, 11-р дурсгал), он цаг тодорхойгүй булш 3 (3, 4, 22-р дурсгал), эртний хотын туурь 1 (6-р дурсгал), чулуун байгууламж 8 (1-2, 8.1, 8.2, 12-15-р дурсгал) тус тус багтаж байна. Эдгээр дурсгалуудыг Гацууртын уурхайн болон орчны бүсэд хэмээн ангилан авч үзэн уурхайн бүсэд 5 дурсгал, орчны бүсэд 13 дурсгал багтаж байна.
Уурхайн бүсэд буй чулуун дарааст дөрвөн дурсгалын гурав нь чулуун байгууламж. Уурхайн бүс доторхи 5-р дурсгал нь Гацууртын голын хойд талд, уулын тэгш дэвсэг энгэрт эрт цагт хүмүүс амьдарч байсан ул мөр бүхий задгай суурингийн үлдэгдэл юм...
Ийнхүү Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох хууль журмын дагуу тухайн бүс нутагт хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажил хоёр талын гэрээнд заасан урьдчилсан төлөвлөгөөний дагуу амжилттай хийж дуусав. Цаашид тус компани Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн тайландаа тусгажээ. .
Гэтэл 2015 онд хийсэн дараахь тайландаа Ноён уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн үндэсний урьдчилсан жагсаалтанд албан ёсоор нэр дэвшүүлсэн хэмээн дурджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын орд, түүний орчны бүсэд хийсэн Археологийн авран хамгаалах хайгуул судалгааны тайлан
Түүх археологийн хүрээлэн
Улаанбаатар 2015 он,
Хуулбар үнэн болохыг баталсан
2016 оны 6-р сарын 23-ний өдөр
2,2. Гацууртын орд, түүний орчны бүсэд хийсэн археологийн судалгаа
Гацууртын орд, түүний орчны бүсэд хийсэн археологийн судалгаа гэсэн ойлголтонд Сэлэнгэ аймгийн Мандал сумын урд хэсэг, Төв аймгийн Борнуур сумын хойд талын нутагт орших зарим газруудад буй судалгаанууд багтана. Үүнд:
- Төв аймгийн Борнуур сумын нутайг дахь Сүжигтийн амны Хүннүгийн язгууртны булшны дурсгалт газар
- Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Зурамт, Хужиртын Хүннүгийн язгууртны булшны дурсгалт газар
- Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Хүннүгийн үед холбогдох Бороогийн суурин
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Зуун модны амны хүрэл зэвсгийн үеийн булш оршуулгын дурсгалт газар
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Булагтай, Билүүгийн амны дундад зууны үеийн булш оршуулгын дурсгалт газрууд зэрэг зүйл багтана.
Ноён уулын дурсгал: Энэхүү дурсгалт газар нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон дагалдах булшнаас бүрдэнэ. 1912 онд санамсаргүй байдлаар олдож, 1924-1927 онд хийсэн Оросын археологчдийн малтлагаар алт мөнгөөр хийсэн амьтны загварт урлагийн бүтээлүүд, ханз үсэгтэй лакан аяга сав, хивс нэхмэл, дээл хувцас, сүйх тэрэг зэрэг олон тооны хосгүй үнэт олдвор илэрсэн нь дэлхийн ХХ зууны их нээлт хэмээн зарлагдаж байв. (13. С.И.Руденко. Культура хуннов и Ноинулинские курганы. М-Л., 1962.) Үүнээс 20 гаруй жилийн дараа тус дурсгалт газарт Монголын үндэсний археологичид Ц.Доржсүрэн, Д.Наваан нар малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсний байдаг. (14. Ц.Доржсүрэн. Хараагийн Ноён ууланд 1954 онд археологийн шинжилгээ хийсэн тухай. Шинжлэх Ухаан. УБ., 1954. №4.)
2006-2012 онуудад Ноён уулын дурсгалт газрын судалгаа дахин сэргэж, ШУА-ын Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Археологи-угсаатан зүйн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд Сүжигтийн аманд язгууртны 4 булш, Зурамтын аманд 1 жижиг булш малтан шинжилсэн. Энэхүү судалгаагаар Хүннүгийн түүх, соёл, аж ахуй, урлаг, оюун санааны бүтээл, зан заншил, гадаад харилцааны асуудлыг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулах олон гайхамшигт олдворуудыг нээн илрүүлж, сэргээн засварласан юм... Ийнхүү Ноён уулын бүс нутагт нийт хүрэл зэвсгийн үе, хүннү, дундад зууны үед холбогдох 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байна...
ШУА-ын Археологийн хүрээлэн нь сүүлийн жилүүдэд соёлын биет өвийг судлан сурталчилах, хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирлээ. Үүний нэг жишээ нь 2012 онд Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор Сүжигт, Зурамт, Хужиртын амны хүннүгийн язгууртын булшийг оролцуулан 129,6 га талбайг Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоосон билээ. (Хавсралт 2-1; 2-2) Мөн 2014 онд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборт дурсгалууд гэсэн номинацад Ноён уулын дурсгалыг бусад дөрвөн дурсгалт газрын хамт ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн үндэсний урьдчилсан жагсаалтанд албан ёсоор нэр дэвшүүлээд байна" гэж тайланд тусгажээ.
Ийм учир шалтгааны үүднээс мэдэгдэл хийсэн
Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнх
Уриалгыг дэмжсэн
Чикаго дахь Буддын соёлын Гандан хийд
АНУ дахь Гэрлийн өргөө төв
Дэмжигчид
2017 оны 1-р сарын 7-ны өдөр