Дэлхийн өрсөлдөх чадвар хамгийн өндөр 10 хотын жагсаалтыг Их Британийн нийслэл Лондон тэргүүлж, АНУ-ын Нью-Йорк, Японы Токио, Францын Парис болон Сингапур удаалав. Хятадын Хонконг, Шанхай, Бээжин, мөн Австралийн Сидней, Германы Франкфурт хот эхний аравт багтжээ. Энэ жагсаалтыг БНХАУ-ын Үндэсний эдийн засгийн стратегийн академи, Нийгмийн шинжлэх ухааны академи болон НҮБ хамтран гаргасан байна.
Дотоодын эрэлтийн түвшин, мэдээллийн болон компьютерын технологийн хөгжил зэрэг олон улсын өрсөлдөх чадварын зургаан гол хүчин зүйлийг харгалзан эрэмбэлжээ.
“Хятадын болон Азийн хотууд хэлбэрэлтгүй хөгжин цэцэглэж буйг дэлхий нийт ажиглаж байна. Эдгээр нь манай гаригийн бусад бүс нутгийн томоохон хотуудаас илүү эрчимтэй хөгжиж буй” хэмээн НҮБ-ын дэлхийн хотуудын санхүү-эдийн засгийн хөгжлийн асуудлыг хариуцсан төлөөлөгч Марко Камийя хэлсэн байна.
Үүний сацуу Хятадын томоохон 69 хотын 17 нь дэлхийн шилдэг 200 хотын жагсаалтыг тэргүүлэгчдийн тоонд багтжээ.