Перл-Харборт айлчилж байгаа нь Токио дахин байлдахгүй гэдгийг дэлхийн дахинд харуулах учиртай гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлжээ. Тэрбээр улсынхаа Бизнесийн холбооны гишүүдийн өмнө үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв.
“Дайны эмгэнэлийг давтах хэрэггүй гэсэн ирээдүй рүү тэмүүлсэн дохиог би Перл-Харбороос илгээх бодолтой байна. Япон, АНУ-ын холбоо нь манай гаригийн элдэв асуудлыг шийдэх учиртай, мөрөөдлийн эвсэл юм. Эвлэрлийн илрэл болгон Япон, Америкийн удирдагчид хамтдаа Перл-Харбор боомтод очих учир миний айлчлал түүхэн айлчлал болно хэмээн найдаж байна” гэж Японы Ерөнхий сайд хэлжээ.
Тэрбээр өчигдөр Хавайд очсон бөгөөд өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт гашуудлын ажиллагаанд оролцохоор Перл-Харборт очих юм. 1941 оны арванхоёрдугаар сард буюу 75 жилийн өмнө эл боомт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад Япон улсаас өгсөн цохилтод өртөн, амь үрэгдэгсдийн дурсгалд тэд хүндэтгэл үзүүлнэ.
Тэр халдлагын үеэр 20 хөлөг онгоц, 188 нисэх онгоц ашиглалтаас гарч, 2403 хүн амиа алдаж, 1178 хүн шархадсан билээ. Японы тал 29 нисэх онгоц, таван жижиг шумбагч онгоцоо алдсан юм. Үүний дараа АНУ Японд дайн зарласнаар Дэлхийн II дайнд оролцжээ. Энэ оны тавдугаар сард Барак Обама Хирошимад очсон Америкийн анхны Ерөнхийлөгч болсон билээ.
Тэрбээр атомын бөмбөгдөлтөд хэлмэгдэгсэдтэй уулзаж, дайны аймшгийг зэмлэн буруушаасан ч, атомын цохилт өгсөндөө уучлалт гуйгаагүй байна. Тийм цохилт өгснөөр дайныг түргэн дуусгасан хэмээн АНУ албан ёсоор үздэг юм.