ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын 12 дахь хэвлэлийн их хурлаа хийлээ. Уг арга хэмжээнд ОХУ-ын болон гадаадын 1500 орчим сэтгүүлч оролцов. Гурван цаг 50 минут үргэлжилсэн хурлын үеэр В.Путин 48 сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Тэрбээр эдийн засгийн асуудалд гол анхаарлаа хандуулж, статистикийн олон тоо баримт, урьдчилсан таамгийг эш татав. Мөн олон улсын харилцаанд багагүй цаг зарцуулжээ.
Түүний үзэж буйгаар, Дональд Трамп нийгмийнхээ санаа бодлыг нарийн мэдэрч чадсан учир сонгуульд ялсан бол АНУ-ын ардчилсан намынхан өөр хоорондоо бичсэн захидал харилцаандаа ороогдчихоод, одоо гэм буруутныг хайж байна. Харин В.Путин улс төрийн төлөвлөгөөнийхөө тухай тодорхой яриагүй бөгөөд цаг нь болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэхээ шийднэ гэв.
2018 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ
“Цаг нь болоогүй байна. Улс оронд минь, дэлхий дахинд юу болохыг, бид юу хийж чадах, юу хийх ёстой болохыг харж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэх шийдвэрээ гаргана” хэмээн В.Путин хэлжээ.
Хугацаанаас өмнө сонгууль явуулах учир шалтгаан байхгүй хэмээн тэрбээр үзэж байна. Яагаад Путин 2018 оны сонгуульд өрсөлдөх ёстой болон ёсгүй талаар асуусан “Коммерсант” сонины сэтгүүлч Андрей Колесниковыг Оросын Ерөнхийлөгч өдөөн хатгагч гэв.
Колесниковын асуултад өгсөн хариулт сонирхолтой санагдсаныг улс төр судлаач Константин Калачев тэмдэглээд, “Сонирхол бий болж (сонгуульд оролцох). Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд тэрбээр оролцох нь тодорхой. Гэхдээ түр амсхийхээр шийдсэн байна. Мэргэжлийн зуршил юм” гэжээ.
“Олон нийтийн санаа бодол” сангаас арванхоёрдугаар сарын 11-нд явуулсан бөгөөд ирэх ням гаригт Ерөнхийлөгчийн сонгууль болбол хэнийг дэмжих вэ гэсэн санал асуулгад оролцсон оросуудын 66 хувь нь Владимир Путинийг дэмжинэ гэсэн байна.
АНУ-ТАЙ ХАРИЛЦАХ ТУХАЙ
“Ялагдсан тал хэзээд гэм буруутныг хайдаг” хэмээн В.Путин Америкийн сонгуулийн явцад Оросын хакерууд хөндлөнгөөс оролцсон, эсэх тухай “ВВС”-гийн сурвалжлагч Стив Розенбергийн тавьсан асуултад хариулжээ.
АНУ-ын Ардчилсан намын сервер болон Хиллари Клинтоны сонгуулийн штабын дарга нарын нэг Жон Подестийн цахим шуудан кибер халдлагад өртсөн. Хулгайлагдсан захидал “WikiLeaks” цахим хуудсанд нийтлэгдсэн нь сонгуулийн кампанит ажилд ноцтой цохилт болсон билээ. Хакерын халдлагад оролцсон талаарх мэдээллийг Оросын эрх баригчид шат дараатай няцаасан юм.
АНУ-ын Ардчилсан нам бүх фронтод ялагдаж, үүндээ Оросыг буруушааж байна гэж В.Путин мэдэгджээ. “Юун хакерууд болохыг хэн мэдэх вэ? Тэд Оросынх гэж хэн хэлж байгаа юм бэ?” гэж тэрбээр хэлсэн байна.
Оросын хакерууд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн эрх ашгийн төлөө сонгуулийн кампанит ажлын явцад нөлөөлөхийг оролдсон хэмээсэн Тагнуулын төв газрынхаа илтгэлийг АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь шоолж байсан билээ.
ДОНАЛЬД ТРАМПЫН ТУХАЙ
“Нийгмийнхээ санаа бодлыг нарийн мэдэрч, барьсан чиг баримжаагаараа эцсээ хүртэл ажилласан. Түүнийг ялна гэж та биднээс өөр хэн ч бодоогүй” хэмээн Д.Трампын тухай В.Путин хэлжээ.
Америкийн удирдагч багаа бүрдүүлж, албан тушаалдаа орсны дараа түүнтэй уулзаж болох юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ. Юуны түрүүнд Орос, Америкийн харилцааг хэвийн болгох асуудлыг шинэ Ерөнхийлөгчтэй В.Путин хэлэлцэх бололтой.
“Уламжлалт үнэт зүйлсийн тухай бидний төсөөллийг ойлгодог хүмүүс АНУ-д байгаа нь сайн хэрэг. Ард түмэн хоорондын харилцан ойлголцолд бидний харилцаа тулгуурлах ёстой” гэж В.Путин Бүх Оросын телевиз, радиогийн улсын компанийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.
“Economist” сэтгүүл болон “YouGov” судалгааны компаниас явуулсан санал асуулгад оролцсон, Трампыг дэмжигчдийн 35 хувь нь Путинд сайн ханддагаа илэрхийлсэн байна.
АНУ цөмийн хүчин чадлаа хөгжүүлэх хэрэгтэй хэмээн Трамп мэдэгдсэнийг тайлбарлахыг Путинээс хүсэхэд, энэ тухай сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр ярьж байсан учир шинэ зүйл алга хэмээжээ.
“Түрэмгийлэгч гэж юу вэ? Энэ бол ОХУ-д халдах чадалтай нэгнийг хэлнэ. Харин бид чадалтай ямар ч түрэмгийлэгчээс хүчтэй. Одоо давтаад хэлсэн ч чадна” гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
“Гадаад бодлогын талаар ярихад түүнд таатай байна. Нүд нь шууд л гэрэлтээд ирсэн. Ер нь гадаадын сэтгүүлчидтэй ярилцах нь түүнд сонирхолтой байв. Шууд л хошигноод, уран цэцэн үг хэлээд л эхэлсэн. Гео бодлогыг түүний морь гэж хэлж болно. Батлан хамгаалахын хүчин чадлаа хүчтэй болгох нь түүний бахархал” хэмээн улс төр судлаач К.Калачев тайлбарлажээ.