Германы цагдаагийнхан Исламын хэт даврагч бүлэглэлтэй холбоотой байж магадгүй тунис эрийг хайж байна. Тэд энэ оны эхээр Германд нэвтэрсэн Тунисын дүрвэгч 23 настай Анис Амриг хайж байгааг мэдэгджээ. Немцүүд түүнийг ачааны машинаар 12 хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж буй бөгөөд машинаас нь бичиг баримт нь олдсон гэж албаны хүмүүс мэдээллээ.
Түүнийг Исламын улс бүлэглэлийн зартай этгээд, биедээ галт зэвсэгтэй байж болзошгүй гэж үзэж байна. Түүнийг Сирийн дүрвэгчдээр дамжиж, Итали руу гарсан бөгөөд тэндээсээ европ руу дайжсан гэж үзэж байгаа юм.
Цагдаа нар түүний нэрээр цахимд хайлт хийсэн бөгөөд фэйсбукээр түүнийг Тунисын террорист бүлэглэл Ансар аль Шариатай холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Тунисын хэт даврагч бүлэглэл 2015 оны гуравдугаар сард Бардо музейд болсон халдлагыг зохион байгуулсан гэгддэг. Уг халдлагын улмаас 22 хүн амиа алдаж байв. Түүнчлэн Соуссе далайн эрэгт 39 жуулчны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагддаг юм.
Германы дотоод хэргийн сайд Ралф Ягер ч түүнийг исламын хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Анис Амри гурван өөр улсын иргэншил бүхий бичиг баримтаар зургаан өөр нэр ашигладаг байсан бололтой. Тодруулбал, хуурамч бичиг баримтаар хил давж, Германд ирсэн нь тодорхой болжээ. Германы цагдаагийнхан гэмт этгээдийг тун хүнд байдлаар гэмтсэн гэж үзэж буй. Түүний сууж явсан автомашины кабин дотроос олдсон цусны байдлаар цагдаагийнхан ингэж таамаглаж байгаа аж.
Тэрбээр 12 хүний аминд хүрсэн бөгөөд 48 хүн гэмтэж бэртсэн. Тэднээс 16 нь хүнд бэртсэн байна. Халдлага үйлдсэнийхээ дараа гэмт этгээд зугтаж амжсан бөгөөд Германы цагдаагийнхан тэр даруй нэг хүнийг саатуулсан ч буруу хүнийг баривчилсан гэнэ.