Агаарын чанар эрс муудсантай холбогдуулан түгшүүрийн хамгийн өндөр буюу улаан түвшнийг Хятадын нийслэл Бээжингийн эрх баригчид зарласныг тус хотын Байгаль орчны газраас мэдээллээ. Онцгой дэглэм арванхоёрдугаар сарын 16-21-нийг дуустал үйлчилнэ. Мөн хугацаанд Бээжин, хөрш Тяньжин хот, Хубэй, Хэнань, Шаньдун мужийн агаарын бохирдлын түвшин маш өндөр байна.
Энэ сарын 21-нээс хойш агаарын чанар нь аажмаар сайжрах гэнэ. Агаарын бохирдлыг тодорхойлох дөрвөн түвшинтэй системийг Хятадад 2013 оноос нэвтрүүлжээ. Өтгөн утаат манан гурваас олон хоног татах бол улаан, гурав хоног бол улбар шар, хоёр хоног бол шар, нэг хоног бол хөх түвшин зарладаг журмыг хотын захиргааныхан тогтоожээ.
Улаан түвшин зарласан үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг түр хааж, замд өдөрт доод тал нь нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Тэрчлэн барилгын бүх ажлыг түр зогсоож, үйлдвэрүүдийг хаадаг аж.