Нисэх онгоц тээвэрлэгч “Жорж Вашингтон” хөлөг Карибын тэнгист. 2006 он
-Америкийн цэргийнхэн Ерөнхийлөгчөөсөө юу хүлээж болох вэ-
АНУ-ын Зэвсэгт хүчинд өөрчлөлт хийх тухайд Дональд Трампын сонгуулийн өмнөх хөтөлбөрт нэлээд зүйл туссан байв. “Би 350 хөлөг онгоцтой флот байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол Рональд Рейганаас хойш манай зэвсэгт хүчинд хийж буй томоохон өөрчлөн байгуулалт бөгөөд улс орон даяар ихээхэн хүчин чармайлт шаардана” гэж Трамп сонгуулиас өмнө 2016 оны аравдугаар сарын 21-нд хэлсэн удаатай. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин үндсэн ангиллын 272 хөлөгтэй аж. Одоо хэрэгжиж буй төлөвлөгөөгөөр бол флотоо 308 нэгжтэй болгохыг зорьж буй юм.
Конгрессын шинжилгээний алба “350 хөлөг онгоцны асуудалд” зориулсан илтгэлийг 2016 оны намар хэвлүүлсэн байна. Энэ 350 гэдэг тоог хэрхэн гаргаж ирснийг уг илтгэлд тогтоохыг ихээхэн чармайжээ. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Үндэсний комиссоос 2014 онд боловсруулсан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дөрвөн жилийн төлөвлөгөөтэй холбож үзсэн байна. Түүнд өгүүлснээр флотод 323-346 хөлөг онгоц шаардлагатай гэж дүгнэсэн аж.
Конгрессын шинжээчид шинэ флотын бүтцийг дараах байдлаар томьёолжээ. Үүнд нисэх онгоц тээвэрлэгч 12 (одоо 10 байгааг 11 болгохоор хэрэгжүүлж буй төлөвлөгөөнд тусгасан), их буу, минаар зэвсэглэсэн, хурд сайтай мина тээгч онгоц 100 (одоо 85 байгааг 88 болгохоор төлөвлөж буй), газар-уснаа явах хүчний 38 хөлөг (одоо 31 бий, 34 болгохоор төлөвлөсөн)-тэй байх аж. Усан доогуур явах флот нь стратегийн 12 пуужин тээгч (одоо 14 байгаа)-тэй, атомын олон зориулалтын болон далавчит пуужин бүхий 59 завь (одоо 56 бий)-тай байх нь зүйтэй гэж үзжээ. Флотоо ийм хэмжээнд аваачихад шаардагдах зардлыг нэлээд танан байж 3.5-4 тэрбум ам.доллар гэж үзэв. Ийм маягаар далайн бүсийн пуужинт хөлөг, цохилт өгөх онгоц нэмж үйлдвэрлэх замаар үндсэн тоог нь нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Гэхдээ генерал Жеймс Мэттисийг Батлан хамгаалахын сайдаар томилно гэдэг тэнгисийн явган цэргийг хүчтэй дэмжигчийг авчирч байна гэсэн үг. Пентагоны хүрээнд тэнгисийн явган цэрэг “ядуу төрөл садан” нь байсаар ирснийг, тэгсэн хэрнээ гаднын аливаа заналхийлэл рүү хамгийн түрүүнд ухасхийж байдгийг бодолцохгүй байх аргагүй.
Пуужин эсэргүүцэх
SM-3 Block IB-г “Лейк Эри” хөлгийн тавцангаас туршиж байна
350 нэгжтэй флот байгуулахдаа тэнгисийн явган цэргийн ашиг сонирхлыг пуужингаас эсэргүүцэн хамгаалах тогтолцоог дээд түвшинд хүргэх Трампын шаардлагатай нийцүүлэх хэрэгтэй болно. Энэ шаардлага далайн бүсийн пуужин харвах хөлөг шинээр бүтээх төдийгүй баллистик пуужинг эсэргүүцэх чадал бий болгох зорилгоор одоо байгаа 22 крейсер онгоцыг сайжруулах гэсэн санааг агуулж байгаа юм. Энэ үзэл санаа Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед дэмжлэг хүлээгээгүй, хөлөг онгоцоо хөндөхийг хүсээгүй. 2015 онд төлөвлөснөөр 11 крейсер онгоцыг 2028 оноос өмнө флотын бүрэлдэхүүнээс гаргах, үлдсэн 11-ийг нь 2035-2045 оны хооронд ашиглалтаас хасах гэж байсан ч одоо анзаарваас 2030-2040 он хүртэл эдгээр онгоцоо хэрэглэж байхыг хичээж буй нь илт.
Флотоо өргөтгөх Трампын шаардлагатай зэрэгцүүлэн одоо 182 мянга байгаа тэнгисийн явган цэргийнхээ тоог 200-210 мянга хүргэж нэмэх зорилго тавьж байна. Нэг батальон шинээр бий болгоход 740 сая ам.доллар шаардагдах бөгөөд энэ нь Вьетнамын дайнаас хойш тэнгисийн явган цэргийн корпуст байгуулсан хамгийн том бүтэц байх болно гэж Америкийн шинжээчид үзэж буй аж. Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний энэ хэсэг санхүүгийн зайлшгүй хямралтай нүүр тулсан нөхцөлд ч хадгалагдаж үлдээсэй хэмээн Мэттис залбирч байгаа гэдэгт эргэлзэх шаардлага бий гэж үү.
Экспедицийн хүчийг нэмэгдүүлснээр ажил хэрэг шувтрахгүй. Одоо 475 мянга байгаа хуурай замын цэргийн тоог 540 мянга хүргэх шаардлагатайг Трамп тодорхой хэлсэн. Янз бүрийн үнэлгээгээр үүнд зургаан жилд 35-40 тэрбум ам.доллар зарцуулна.
Трамп цааш нь Агаарын цэргийн хүчиндээ анхаарал хандуулав. “Агаарын хүчин маань 1947 оноос хойш хамгийн цөөн хүнтэй байгаа. Түүний онгоцны дундаж насжилт 27 жил болоод байна. Бидний зэвсэглэлд байгаа В-52 бөмбөгдөгчийг одоогийн нисгэгчдийн эцгүүд нь жолоодож явсан юм” хэмээн Трамп нэр дэвшигч байхдаа хэлсэн байдаг. Сонгогдсон хойноо төлөвлөгөөндөө Агаарын цэргийн хүчний байлдахад бэлэн онгоцны тоог 1200 нэгжид хүргэхээр заачихлаа. Ийм онгоц 1141 байгаа аж.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд “Исламын улс” бүлэглэлийг бут ниргэх бэлтгэлийг тангараг өргөснөөс хойш 30 хоног дотор багтаан хийнэ гэх мэт популист шаардлагаас гадна анхаарал татах хэд хэдэн зүйл бий юм. Трамп мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байна. Төлөвлөгөөнийхөө хоёр ч хэсгийг чухам үүнд зориулжээ. АНУ-ын кибер аюулгүй байдлыг бүрэн хангах асуудлыг эхний хэсэгт нь томьёолсон байна. Нууц материалуудтай ажиллах тогтолцоог мөрдөж буй хуульд нийцүүлэхийн тулд юу хийх талаар хоёрдугаар хэсэгт нь тусгажээ. Нууц бичиг баримтад хандах журмыг зөрчсөн Хиллари Клинтоны харамсалтай үйлдлийн талаар ч энд дурдсан байв. Трамп Америкийн төрийн байгууллага, дэд бүтцийн кибер аюулгүй байдалд гойд сэтгэл зовдог аж.
Стратегийн цөмийн зэвсэглэл, түүнийг хорогдуулах асуудлыг Трамп хайхрахгүй байна. Үнэн хэрэг дээрээ бол бас ч тийм биш, цөмийн зэвсгийн талаар тэрбээр өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан. Харин түүний хэлсэн үг тоймчдын гайхлыг төрүүлж буй юм.
Тэрбээр “Хэрэглэхгүй юм бол бидэнд ийм их цөмийн зэвсэг ямар хэрэгтэй юм бэ” гэсэн зүй ёсны асуултаар энэ сэдвийн яриагаа эхэлсэн юм. Америкийн цэргийнхний амнаас энэ үг байнга гарч байдаг. Цэргийнхэн гэдэг аливааг практикт хэрэглэж байхыг шаардаж байдаг юм хойно, цөмийн зэвсгийг ч том хэмжээний халуун цөмийн дайнд хэрэглэхэд бэлэн байлгахыг хүсээд удаж буй. Трамп цааш нь шулуухан хэлэхэд цөмийн стратегийн хувьд бусдаас илүү мэдээлэлгүй болохоо харуулсан байна. Нэгэн удаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр хэдэн улс цөмийн зэвсэгтэй байх нь чухал биш гэж хэлсэн. Дараа нь Азид цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал сэтгэлийг нь төдийлөн зовоохгүй байна гэсэн. Эцэст нь Саудын Араб эрт орой хэзээ боловч цөмийн зэвсэгтэй болно хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Популист үг яриаг бодит санал санаачилгаас ялгаж салгах нь чухал. Популист үг ярианд Трамп мастер юм. Цөмийн зэвсгийн салбарын хувьд тэрбээр ойлголт муутайг нуух юун. Тийм ч учраас АНУ-ын цөмийн стратегийн гол асуудлуудыг одоогоор хөндөөгүй байна. Агаарт байрлалтай шинэ далавчит пуужингуудыг яах вэ? Давшилтын зэвсгийг цаашид хорогдуулах, Оросын тактикийн цөмийн зэвсгийн талаар АНУ ямар бодолтой байх бол? Эцэст нь энэ бүхэнд зориулах мөнгийг Ерөнхийлөгч хаанаас олох вэ гэсэн асуулт ч тавьж болохоор байна.