НҮБ-ын баталсан тогтоолын дагуу энэ оны эцэс хүртэл Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоож буйгаа БНХАУ-ын Засгийн газар мэдэгдлээ. Өнгөрсөн есдүгээр сард цөмийн тав дахь туршилтаа хийсэнтэй холбогдуулан Умард Солонгост авсан хориг арга хэмжээг чангатгахаар заасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл арваннэгдүгээр сарын 30-нд баталсан билээ.
Уг баримт бичигт НҮБ-ын гишүүн орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая доллар давсан нүүрс импортлохыг хориглохоор заажээ. Энэ нь тус улсаас одоо импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь юм.
Умард Солонгосын орлогын гол эх үүсвэр нь нүүрс юм. Харин Умард Солонгосын нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ аж.