АНУ-ын Теннисий мужид ойн түймэр гарч, үүний улмаас 14 хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулж, насанд хүрээгүй хоёр хүүхдийг баривчилсан байна.
Тэднийг насанд хүрсэн хүнд оноодог ял тулгахаар төлөвлөж байж магадгүйг эх сурвалж онцлов.
Гэхдээ хэн гэдэг, хэдэн настай хүмүүс энэ хэрэгт холбогдолтой болохыг нууцалсан байна.
Өнгөрсөн сарын 28-нд гарсан их түймэр тус мужид ойрын 100 жилд болоогүй юм. Тэгвэл хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэх энэ түймрийн улмаас 14 хүн амиа алдаж, маш их алдагдал гарсан.
"Вашингтон Пост" сонинд өгүүлснээр бол сэжигтнүүд тамхи татаж байхдаа гал тавьсан байж магадгүй гэж үзжээ.
Түүнчлэн их галыг одоог хүртэл бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа аж.