Цөл газраас дэлхийн хөгжлийн нүүр царай болтлоо “томорч” чадсан Дубай хотод бууж мордоод ирлээ. “Хэдий халуун ч гэсэн гар хөлөө ил гаргасан хувцас өмсөж болохгүй. Хатуу хуультай тул хилээр нь архи оруулдаггүй. Алт маш хямдхан байдаг” зэрэг товчхон захиас, сануулга, мэдээлэлтэй эндээс очсон юм. Дэлхийн хамгийн өндөр барилгатай, газрын тостой, араб соёлоо хадгалсан гээд олон гайхалтай зүйлээрээ дэлхийд танигдсан Дубайн талаар монголчууд нэг үеэ бодвол нэлээд ойлголттой болж, аяллын компаниуд ч хэдийнэ тийш нь зам гаргасан юм билээ.
Бид “Нью кловер травел” компанийнхны маршрутын дагуу тус хоттой танилцав. Кувейт улсын иргэн, тус улсын ханхүү Шех Нассир Аль Сабахын бие төлөөлөгч Мутлах Аль Жуаны урилга, дэмжлэгээр Арабын ертөнц, тэр дундаа Дубай хотын хөгжил цэцэглэлтийг үзэх завшаан Монголын сэтгүүлчдэд тохиосон юм.
Элсэн цөл дунд ямаа хариулж амьжиргаагаа залгуулж явсан ард түмэн сүүлийн 25-хан жилийн хугацаанд босгож чадсан Дубай Арабын нэгдсэн Эмират улсын хоёр дахь том хот. Өргөн толигор, манай хоттой харьцуулахад бараг түгжрэлгүй замаар өлөн тоос ч үл хүрсэн байх гэмээр цэмцгэр гоё машинууд давхилдаж, нүсэр том, өндөр барилгууд энд тэндгүй дүнхийнэ. Хаашаа л харна битүү ногоон байгууламж, тэгшлэн янз бүрийн хэлбэртэй болгон зассан моднуудыг нь харахад маш их хөдөлмөр зарцуулдаг нь илэрхий. Авто замын сүлжээ, зохион байгуулалтаас хамаараад зорьсон газартаа хүрэхийн тулд нэг байшингийн хажуугаар нэг биш удаа өнгөрөх нь төөрдөг байшинг санагдуулам.
Дубай түмэн хөлийн “амьтан” цугласан газар аж. Уугуул оршин суугчид болох арабууд нь өдрийн од шиг цөөн. Урт цагаан хувцсаа өмссөн араб эр, нүүрээ гивлүүрээр халхалсан эмэгтэйчүүд хааяа нэг харагдана. Толгой дээгүүр, бардам додигор алхах тэд араб хүн өөрийн газар нутаг дээрээ бүхнээс илүү гэж зиндаархдаг нь илт.
1900 онд цөлийн Дубай хот 10.000 гаруй оршин суугчтай байсан бол одоо 2.1 сая хүн амтай болжээ. Үүний 10 орчим хувь нь л арабууд гэхээр тоотой үзэгдэх нь мэдээж биз. Дээр нь жилд дунджаар 8-10 сая жуулчин хүлээн авдаг тул түмэн хөлийн хүн холхих нь аргагүй. Эрт үеэс л худалдаачдын хот гэж нэрлэгдэж ирсэн Дубай өнөө ч дэлхийн наймаа арилжаа эрхлэгчдийн гол чиглэл хэвээр. Жуулчдын ихэнх нь худалдаа хийхээр ирдэг гэнэ. Үүнээс гадна эртний түүхт газрууд болон орчин үеийн аварга бүтээн байгуулалтуудыг нь ч үзэж сонирхдог юм билээ.
30 градусын хүйтэн Улаанбаатараас очсон биднийг нэмэх 30 градусын дулаан уур амьсгал угтсан юм. Уг нь Дубайд өдийд өвөл болж байгаа гэнэ. Зун нь бүр 50 градус хүрч халдаг юм байна. Гэхдээ чийглэг уур амьсгалтай болохоор нутгийн иргэдэд тийм ч зүдэргээтэй санагддаггүй юм гэсэн. Биднийг очиход 26-27, зарим өдөр 30 хэм хүртэл халж байв. Хамгийн хүйтэн үе нь нэгдүгээр сард тохиодог бөгөөд нэмэх 18-19 градус орчим байдаг гэнэ лээ.
“Нью кловер травел” компанийн төлөвлөсөн аяллын дагуу Дубайгаас хамгийн түрүүнд үзэх зүйл нь “Desert Safari” буюу цөлийн аялал байв. Элсэн цөлийнхөө ихэнх хэсгийг ногооруулж хот босгоод, үлдсэн хэсгийг аялал жуулчлалын бүс байгуулжээ гэж ойлгож болохоор. Цөлд байрлах уг жуулчны бааз нь хотын төвөөсөө нэлээд зайтай, нэг цаг орчим явж хүрдэг юм байна. Манайхан урин дулаан болонгуут ах дүү хамаатан саднаараа нийлж, Туул голын эрэг барааддаг шиг Дубайд очсон хүмүүс элсэн дээр зугаацдаг юм билээ. Майхан барьж, хоолоо дэлгэн түр суурьшсан хүмүүс баазын энд тэндгүй үзэгдэнэ.
Цөлийн аялалд “Ланд Круйзер 200” машинаар явдаг аж. Монголд чулуу шидэхэд л “Приус” ононо гэдэг шиг тэнд газар сайгүй “Ланд Круйзер 200”. Уг машинаар цөлийн бартаат замыг уруудаж, өгсөн туулж, жуулчдыг баясгадаг тул аюулгүй байдлыг нь бодолцож, дотор талыг нь дээд зэргээр тоноглон, засаж тохижуулжээ. Цөл дундуур машинаар ийн зугаалсны дараа ганц бөхтэй тэмээ унах, шонхортой зураг авахуулах, араб үндэстний шивээс болох хенна зуруулах, жимсний амтат шиша тамхи татах зэргийг сонирхож болно. Мөн цөлөөр мотоциклтой зугаалах, араб үндэсний хувцас өмсөж зураг татуулах зэрэг жуулчдад зориулсан түмэн янзын үйлчилгээ байна.
Баазад араб хивс дэвссэн, дэртэй зөөлөн суудал бүхий үзвэрийн талбай бий. Орой нь жуулчид тэнд тухлан сууж, бэлхүүсний болон араб үндэсний танора гэх бүжгийг үздэг. Бэлхүүсний бүжиг манайханд хэдийнэ танил болсон байх. Харин танора нь харахад их амархан юм шиг, нэг чиглэлд эргэлдээд л байдаг бүжиг. Эргэх явцад хувцас нь шинэ жилийн сүлд мод шиг өнгө өнгөөр гэрэлтэнэ. Бүжигчин эрэгтэй 10 гаруй минутын турш эргэлдэх явцдаа хувцасныхаа гэрлийг асаахаас гадна таваг шиг дугуй хэлбэртэй, таван ширхэг зүйлийг эргэлдүүлэх жишээтэй. “Desert Safari” үүгээр өндөрлөнө.
Дубайн аяллын салшгүй хэсэг нь зураг татуулах бололтой. Нэгэн өндөр байшингийн гадаа ирэнгүүтээ хөтөч маань “Энд зургаа авахуулж болно” гэж зааварлана. Сүрлэг, архитектурын оновчтой шийдлийг харуулсан уран барилгууд хаа сайгүй. Тэр бүхнээр орохгүй ч гадна нь очиж зураг авахуулах зорилготой хэд хэдэн арга хэмжээ аяллын маршрутад багтсан байв.
“Пальм Жумейра”, “Пальм Жебел Али”, “Пальм Дейра” гэсэн гурван хиймэл арал Дубайд бий. Тэдгээр нь тэнгэрээс дал модыг хавирган сар хүрээлсэн юм шиг хэлбэртэй харагддаг аж. Амралт, зугаа цэнгэлийн газрууд, томоохон зочид буудал, үзэсгэлэнт барилга байшин, хувийн орон сууц хиймэл арлуудад олноор байдаг юм билээ. Жишээ нь, “Пальм Жумейра” арал дээр Дубайн алдартай зочид буудал болох “Атлантис” байх бөгөөд тэнд байрлаагүй ч гэсэн доод давхарт нь орших үйлчилгээний газруудаар чөлөөтэй үйлчлүүлж, зураг татуулан, аквариумыг нь үзэж болдог.
Усан дээр буюу хиймэл аралд барьсан тансаг зочид буудал болох “Бурж Аль Араб”, дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа”, дэлхийн томоохон дэлгүүрийн нэг болох “Дубай молл” нь уг хотын гурван гайхамшиг бөгөөд аялагчид орж үзэхгүй бол алдас болох аж. “Бурж Аль Араб”-ын далбаат завьтай төстэй хэлбэр дизайн нь манай “Блю скай”-рхуу. Гэхдээ мэдээж харьцуулахын аргагүй том. Бурж гэдэг нь цамхаг гэсэн утгатай. 1995 онд барьж эхлээд 1999 онд ашиглалтад оруулсан гэнэ. Нийт 200 гаруй өрөөтэй, нэг өрөөний өртөг нь хэдэн арван мянган ам.доллароор үнэлэгддэг, нисдэг тэргээр үйлчилдэг зэрэг олон тодотголтой. Мөн хотынхоо хамгийн тансаг зочид буудалд тооцогддог.
Дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халифа” 828 метр өндөр, 162 давхар. 2004 онд барьж эхлээд 2010 онд ашиглалтад оруулсан аж. Уг барилгын доод давхарт өнөөх алдартай “Дубай молл” дэлгүүр нь байрладаг. Дээд давхруудад нь ресторан, ажлын байр, шөнийн клуб зэрэг янз бүрийн үзвэр, үйлчилгээ, албан газар бий гэсэн. Цамхгийн 124 дүгээр давхарт хотын орчин тойрныг харах талбай байх бөгөөд жуулчдын эцсийн зогсоол болдог. Түүнээс дээших давхруудад нь хувийн орон сууц байдаг гэнэ лээ. 124 дүгээр давхарт гарахын тулд цахилгаан шатаар нэг минут хүрэхгүй хугацаанд л явна. Зорьсон газартаа хүрэнгүүт гэрэл зурагчид угтан аваад асуух ч үгүй патиар татчихна. Түүнийгээ худалдаж авах бол 100 дирхам төлөх ёстой юм билээ. Арабын нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт дирхам нэртэй. Ойролцоогоор 3.65 ам.доллартой тэнцдэг аж. Монгол төгрөгийн ам.доллартой тэнцэх ханш сүүлийн үед нэлээд чангарч буйгаас хамааран бид нэг дирхамыг ойролцоогоор 670 орчим төгрөгөөр худалдаж авсан юм.
Дэд бүтэц, зам тээвэр, барилга байгууламж, хот төлөвлөлт нь үнэхээр гайхалтай. Авто замын орчим алхаж буй хүн нүдний гэм. Тийм болоод ч тэр үү, зам, тээврийн осол бараг гардаггүй гэсэн. Улаанбаатарт, 120 мянгат, “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг газарт суурилуулсан шиг гүүрэн гарц хаа нэг тааралдана. Авто замаар явган хүн гарах тохиолдолд ногоон гэрэлтэй, гэрэлгүй ч заавал зам тавьж өгдөг соёлтой. Бас явган хүний зам дагуу “газрын” гэрэлтүүлэгтэй. Замын хавтангуудын завсарт гэрэл суурилуулсан гэсэн үг. Дубайн таксинууд урдаа нэг, арын суудалд гурваас илүү хүн суулгахгүй, дүрмээ ягштал баримтална.
Энэ мэтээр жуулчдын ая тух, амар тайван байдлыг дээд зэргээр хангасан нь өнөөгийн Дубайн нэрийн хуудас болж буй юм билээ. “Байгалийн баялаг нь шавхагдсан ч аялал жуулчлалынхаа орлогоор сайхан амьдарч чадна” гэж иргэд нь нүүр бардам хэлдэг нь ч ийм учиртай биз ээ.
Жуулчдын дийлэнх нь лалын сүм сонирхдог тул Дубайн үндэсний дурсгалт байгууламж болох алдарт Жумейра сүмийг заавал үзүүлнэ. Улсын мөнгөн тэмдэгт болох 500-тын дирхам дээр зураг нь байдаг тус сүм рүү орохдоо биеэ ил гарсан хувцас өмсөх хориотой. Хүсвэл сүмээс мөргөлийн хувцас авч өмсөж болохоос гадна дотор нь ороод зураг авахуулж болдог онцлогтой юм билээ. Харин бусад гудамж, талбайд бол заавал битүү хувцас биш, хүссэнээ өмсөж болдог аж.
Өдөр бүр 13.00 цагаас исламын шашинтнууд мөргөл үйлддэг. Мөн өдрийн хоолны цагаар бүгд унтаж амардаг. Энэ үеэр бүх үйлчилгээ хаалттай. Харин бусад үед бүх үзвэр, үйлчилгээ нээлттэй бөгөөд ажилтнууд нь дээд зэргийн соёлтой үйлчилнэ. “Үйлчилгээний хөтчүүд” гэж нэрлэж болохоор хүмүүс хаа сайгүй жуулчдыг хоргоож, хаанаас юу авахыг нь зааж зөвлөдөг нь бараагаа зарах бодлого бололтой. Энэ газрын хамгийн гол давуу тал нь хууль чанга учраас хулгай огт гарахгүй. Эд зүйлээ алдчих вий гэж санаа зовохгүй байх нь оршин суугчид төдийгүй жуулчид амар тайван байх гол нөхцөл болдог байна. Согтуу хүн ч харагддаггүй. Учир нь Дубайн дэлгүүрүүдэд архи зарах хориотой. Цэнгээн, уушийн газруудад нь шар айраг худалддаг ч тэндхийн иргэд төдийлөн авахгүй, голдуу шиша тамхиа татаж суудаг.
Дубайг зорих монголчуудын цуваа сүүлийн жилүүдэд хөвөрсөөр байгаа. Тэнд ажилладаг нэг монгол эмэгтэй “Ирэх сард 200 орчим хүн ирэх сураг сонсогдсон” гэж ярилаа. Монголчууд голдуу алтны захыг нь сонирхдог аж. Тийм ч болохоор “Алт хямдхан байдаг” гэх яриа үүсээ байлгүй. Үнэндээ бол маш хямд биш бөгөөд хамгийн гол нь сайн хийцээрээ ялгардаг юм гэсэн. Дубайд биднийг монголчууд гэж танихгүй, “Are you chinese?” гэж асууна. Харин монголчууд алтны зах руу нь хошуурдаг болсноор тэндхийн худалдаачдын зарим нь манайхныг андахгүй болсон байна лээ. “Монголчууд барааныхаа үнэ ханшийг буулга гэж ярьдаг” гэж онцолсон нь санаа зовмоор ч юм шиг.
Элсэн дунд сүндэрлэсэн гандирсан хот монгол хүний нүдээр өнгөц харахад нэг иймэрхүү. Дубай сүүлийн 25 жилийн дотор өнөөгийн үсрэнгүй хөгжилдөө хүрчээ. Харин бид юунд хүрсэн бэ гэдэг нь бодох л асуудал.