Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг асуудалд оруулсан Чой Сун Силийн охиныг их сургуулиас нь хөөжээ. Ерөнхийлөгчтэй холбоотой бүх асуудлын эхлэлийг түүнтэй холбож тайлбарладаг. Анх түүнийг их сургуульд авилгалаар оруулснаас болж, охидууд голдуу сурагчид эсэргүүцлийн жагсаал хийснээр эхэлсэн юм. Тэгвэл Ева охидын их сургуульд шалгалт хийсний дараа буюу өнгөрсөн баасан гаригт түүнийг их сургуулиас нь хөөх шийдвэр гаргажээ. Чойгийн охин Чун Юү Ра улсынхаа морин спортын багийн тамирчин байжээ.
Түүнчлэн их сургуулийн сахилгын хорооноос таван багшид хатуу шийтгэл оноож, сургуулиас хөөсөн бол бусад 10 багшид сахилгын шийтгэл оноохоор болжээ. Мөн тус их сургуулийн захирал асан, 54 настай Чой Кун Е-г хэрхэх талаар ярилцаж буй. Тэрбээр эл хэргээс болж, өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн гэнэ.
Үүгээр ч зогсохгүй Сөүлийн боловсролын яамнаас ээжийнхээ ачаар их сургуульд орсон охины ахлах сургуулийнх нь дипломыг хүчингүйд тооцлоо. Эх сурвалжийн мэдээлснээр Чун Юү Ра морин спортын багийн хамтаар бэлтгэл, цугларалтанд гарах нэрээр 141 өдөр хичээлдээ суугаагүй. Одоогийн боловсролын хуулиар бол дунд болон ахлах сургуулийн сурагчид нийт 193 өдрийн 129-д нь хичээлдээ суусан байх ёстой. Харин хэргийн эзэн энэ шаардлагад хүрэхгүй байгаа тул түүний ахлах сургуулийн бүх дүн, шалгалтыг хүчингүй болгосон байна.
Энэ жил 19 настай Чун Юү Ра одоогоор Германд амьдарч буй. Тэрбээр энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан сурагтай.