ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа гадаад бодлогын үзэл баримтлалын шинэ хувилбарт гарын үсэг зуржээ. Дэлхий дахинд Оросын эзлэх байр суурь, гадаад бодлогын зорилго, зорилтын талаарх тус улсын удирдлагын байр суурийг энэ баримт бичигт бүрэн хэмжээгээр тусгасан байна. Владимир Путинийг Кремльд эргэн очсоны дараахан, гэхдээ Крымд болсон үйл явдал, түүний дараагаар Орос болон Өрнөдийн харилцааны хямралаасө мнө буюу 2013 онд уг баримт бичигт засвар оруулсан юм.
Түүнээс хойш тус улсын бодлогын үзэл баримтлал нэлээд өөрчлөгджээ. ОХУ, тухайлбал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа бэхжүүлэхийг цаашид эрмэлзэхгүй, харин бусад улсад үзэл бодлоо хүргэх, хилийн чанадад соёлын өвөрмөц байдлаа хөгжүүлэхэд илүү цаг гаргах хэрэгтэй хэмээн үзэж байна.
САЙН ХӨРШИЙН ЗАРЧМАА БАРИМТАЛНА
Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалаа гаргасан учраас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч парламентын дээд танхимдаа тавьсан илгээлтдээ ч гадаад бодлогын асуудалд бага зай гаргасан байна. ОХУ хил залгаа орнуудтайгаа сайн хөршийн харилцаатай байж, тэдгээр улсын нутаг дэвсгэрт мөргөлдөөн болж байгаа бол түүнийг арилгахад тусалж дэмжихээ шинэ үзэл баримтлалдаа зарлан тунхаглажээ.
Үүний сацуу орос хэл, соёлыг зүгээр нэг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэхгүй, үндэсний түүхэн өв соёлоо ухуулан сурталчлах гэнэ. Саяхан олон хэлээр гардаг Оросын телевизийн RT суваг Европын парламентад халдлагад өртсөн. Үүнтэй холбогдуулан мэдээллийн хэрэгслийнхээ байр суурийг бэхжүүлэх, олон улсын үйл явдлын талаарх Оросын үзэл бодлыг дэлхийн нийтэд хүргэх шаардлагатайг шинэ баримт бичигт онцгойлон тэмдэглэжээ.
“АРАБЫН ХАВАР”-ЫГ ШИНЭЭР ҮНЭЛЖ, ДҮГНЭВ
Олон улсын шинэ тогтолцоо эмхлэгдэн байгуулагдахад түүнд ноёлох гэсэн хүчний төвүүдийн мөргөлдөөн одоо өрнөж байна. Иймээс тэдгээр хүчний гүйцэтгэх үүрэг нэмэгдэж буй тухай Оросын шинэ үзэл баримтлалд тэмдэглэжээ. Дэлхийн улсууд зэвсэглэж, хүчээ зузаатгаж, бүс нутгийн мөргөлдөөнүүдэд татагдан оролцож байна. Том гүрнүүдийн хооронд цөмийн дайн дэгдэх магадлал тийм ч өндөр биш байгаа аж.
Дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрч байна. 2013 онд Өрнөдийн орнуудад эдийн засгийн уналт, Европт өрийн хямрал бий болсон. Тэгвэл 2016 онд тэдгээрийн оронд өсөлтийн хурд удааширсан, бараа, түүхий эдийн зах зээл үнэ тогтворгүй, өрсөлдөөн багатай бүс нутгийн жижиг байгууллага болон хуваагдах гэсэн илүү түгшүүртэй байдал үүсчээ.
Ойрхи Дорнодод болж буй үйл явдлыг уугуул соёл иргэншил рүүгээ буцах, тодруулбал исламын шашны үнэт зүйлээ сэргээх гэсэн эрмэлзэл хэмээн тайлбарладаг байсан бол одоо алан хядах ажиллагааг олон улсад түгээн дэлгэрүүлж байна гэж тодорхойлжээ.
Орос улс урьдын адил НҮБ-ыг олон улсын бодлогын төв хэмээн үзэж байна. Олон улсын асуудлыг шийдвэрлэх талаар ОХУ-ын тэргүүлэх зорилтод дэлхийн II дайны дүнг тусгалаа. Арванхоёрдугаар сарын 15-нд Курилийн арлуудын “хувь заяа”-ны талаар хэлэлцэхээр В.Путин Токиог зорих гэж буйтай энэ нь нэг талаар холбоотой. ОХУ олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, экологи, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэрчлэн гадаад бодлогын асуудлаар мэдээлэхдээ хуулиа дээдлэхээ тэмдэглэжээ.